Шууд Chart

Гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

2015-11-02 16:13:35

Гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 46 дахь удаагаа Шотландын Гласгоу хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээний сүүлийн өдөр 18 настай АНУ-ын уран сайхны гимнастикч Симона Бэйлс 10 дахь төрөлд түрүүлснээр дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо.

Харин эрэгтэйчүүдийн модон морин дээр харайх гимнастикийн төрөлд Хойд Солонгосын тамирчин Гван Се Ри аваргын алтан медалийн эзэн болов. Харин түүний араас дэлхийн 4 удаагийн аварга Румины тамирчин Марин Драгулеску мөнгөн медаль хүртсэн бол АНУ-ын тамирчин Доннель Виттенбург хүрэл медаль хүртлээ. АНУ-ын тамирчин Симона Бэйлс багийн спортын төрөлд болон ганцаарчилсан спортын төрөлд аваргын шинэ дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Бэйлс хэдийгээр ганцаарчилсан спортын төрлийн тэмцээнд оролцож байх үедээ дамнуурга дээрээсээ унасан ч бусад үзүүлбэрээ өөгүй үзүүлсэн учраас нийт нийлбэр дүнгээрээ аваргалж чадсан байна. Энэ тэмцээнд Голландын тамирчин Санне Виверс, Германы тамирчин Паулинь Шафер нар 2, 3 дугаар байрт шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.

Эрэгтэйчүүдийн гимнастикийн зэрэгцээ дамнуургын төрөлд БНХАУ-ын гимнастикч Хао Юу 16,266 оноогоор дэлхийн аварга Украйны тамирчин Олег Ярниативийг ялж, аваргын алтан медалийн эзэн болсон юм. Харин хүрэл медалийн эзнээр Азарбажены тамирчин Олег Степко болон БНХАУ-ын тамирчин Шүди Денг нар адил 15,966 оноогоор удааллаа.

АНУ-ын тамирчин Бэйлс  нь 2014 оны 45 дахь удаагийн БНХАУ-ын Нанжинг хотноо зохион байгуулагдсан гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд газар дээрх үзүүлбэрийн төрөлд 2 алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр тухайн үед түрүүлэхдээ онооны нийлбэр дүн 15,800 байсан бол энэ удаагийн Гласгоу хотноо болсон тэмцээнд 0,7 онооны илүү амжилт гаргаж, дахин аварга гэдгээ баталсан юм. Харин ОХУ-ын тамирчин Ксениа Афанасева мөнгөн медаль хүртсэн бол, Бэйлсийн нутаг нэгт тамирчин Маргарет Николс хүрэл медаль хүртлээ. АНУ-ын тамирчин Симона Бэйлс нь гимнастикийн түүхэнд дэлхийн аваргын тэмцээнээс 10 алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна.

Мөн эрэгтэйчүүдийн савлуурт үзүүлбэрийн төрөлд Япон улсын залуу тамирчин Кохей Үчимура аваргаллаа. Тэрбээр 2013 онд Бельги улсын Антверп хотноо зохиогдсон гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2014 оны Нанжины дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж алтан медаль хүртлээ. Ирэх жил Рио-гийн зуны олимпийн наадам болох учраас дэлхийн аваргын тэмцээн болохгүй. Харин 2017 онд Канад улсын Монтрейл хотноо гимнастикийн 47 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй