
МҮОНТ Испанийн телевизийн бүтээл “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын 1-нээс үзэгчдэд хүргэх гэж байна. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй сонирхолтой нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг МҮОНТ худалдан авсан юм. Энэхүү бүтээлээ Монголын нийт үзэгчдэд хүргэхээр орчуулан, дуу оруулж, 12 дугаар сарын 1-нээс үдэш бүр толилуулахад бэлэн боллоо.
Мэдээллийн зуун дэлхий ертөнцийг “хавтгай” болгож, улс орнууд нэг нэгнийхээ соёлын онцлогийг телевиз, интернэт болон нийгмийн сүлжээгээр дамжуулан үзэж танилцах таатай боломж нэгэнт бүрдсэн энэ цаг үед боловсролын системээр олж авч чадаагүй олон чухал мэдлэгийг телевизээр дамжуулан олж авах боломжтойг энэхүү цуврал нотлох болно. Үнэхээр дэлхийн сонгодогуудын талаарх Монголын үзэгчдийн мэдлэг тийм ч өргөн биш. Ийм ч учраас МҮОНРТ Испанийн телевизийн “Брютел Медиа” продакшны бүтээл “Энэ бол дуурь” цувралыг үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо.
Жинхэнэ шүтэн бишрэгчээс авахуулаад энэ урлагийн талаар огт мэддэггүй хүнд хүртэл ойлгогдохоор энгийн сонирхолтой хэлбэрээр хийсэн энэ цуврал нэвтрүүлгийн гол зорилго нь дуурь, дуурийг бүтээсэн түүх болон түүний далд нууцуудыг тайлбарлан ярина. Нэг ёсондоо энэ бол дуурийн ертөнцөд умбасан сэтгэл хөдөлмөөр аялал.
Цувралаар хөтлөгч болон киноны баг дэлхийн олон улс орноор аялж, алдарт дуурийн дуучин, төгөлдөр хуурч, хөгжим судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, дуурийн талаар санал бодлыг нь сонссон байдаг. Түүгээр ч барахгүй, анги болгонд тэд үзэгчдэд ойлгомжтой аргаар дуурийн зохиомжийн нууц, тодорхой нэгэн нот, хөгжмийн хэсгүүдийг онцгойлон үзүүлсэн байдаг. “Энэ бол дуурь” цувралын хөтлөгч Рамон Жэнер үзэгч олонд хөгжмийн нууц, урлагийн хамгийн нэр төртэй бөгөөд үлэмжийн хүчирхэг төрөл болох дуурийн ертөнцийг танилцуулж, үл итгэдэг хүний үзэл бодлыг хүртэл өөрчилж чадна хэмээн бардам өгүүлсэн байдаг.
Та бүхэнд маргааш орой үзэгчдэд хүрэх эхний нэвтрүүлгийн танилцуулгыг хүргэж байна.
Тоска
Мөнхийн хот хэмээгдэх Ром хотод энэ удаагийн цуврал эхлэх юм. Энэ хотод “Тоска” хэмээх дуурийн үйл явдал өрнөдөг бөгөөд утга агуулгын хувьд яг л триллер киноны төрөлтэй адил. Үүний нууцыг тайлахаар хөтлөгч Рамон Жэнер, Ром хотын киноны дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, Америкийн сопрано дуучин Сондра Радвановскитай санал бодлоо солилцон, тенор дуучин Амброжио Маэстри болон сэргэн мандалтын үеийн хүчирхийллийн зураач гэгдэх Караважиогийн уран бүтээлийг танилцуулахаар судлаач Розелла Водрэтийг зорин очиж, сонирхолтой яриа өрнүүлнэ. Нөгөө талаас “Тоска” дуурь бол аугаа романтик жүжиг. Жинхэнэ Италийн дурлалын түүх. Хайр дурлалд италчуудаас өөр хэн илүү үнэнч билээ.
“Энэ бол дуурь” цуврал нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.