Шууд Chart

Порше компани цахилгаанаар бүрэн ажилладаг автомашин үйлдвэрлэнэ

2015-12-07 10:11:50

Автомашин үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч Порше компани байгаль орчинд ээлтэй, утаа ялгаруулдаггүй "Мишн И" (Mission E) спорт машин үйлдвэрлэхэд 700 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо өнгөрөгч Баасан гаригт мэдэгдлээ.

Автомашин үйлдвэрлэлийн салбарт цахилгаан хөдөлгүүртэй автомашин харьцангуй шинэ ойлголт боловч Тесла Моторс, Форд, Ниссан компаниуд өөрсдийн бүрэн болон хагас цэнэгт машинаа аль хэдийн үйлдвэрлээд эхэлсэн. Харин энэ оны есдүгээр сард Франкфуртын автомашины үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд анх танилцуулсан Поршегийн шинэ спорт машин нь гадаад үзэмж, техник, эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтээрээ өрсөлдөгчдөөсөө илт давуу талтай юм байна.

Поршегийн шинэ спорт машины хөдөлгүүр 600 морины хүчин чадалтай бөгөөд 800 вольтийн тусгай цэнэглэгчээр 15 минутанд 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой. Теслагийн Модел нэг удаагийн цэнэглэлтээр 286 миль явдаг бол Поршегийн "Мишн Е" загвар 310 миль буюу 499 км явдаг. Цэнэгээр ажилладаг машины нэг сул тал нь цэнэглэгч газрууд төдийлөн олон байдаггүй. Харин энэхүү шинэ загварын машиныг заавал цэнэглэгч станцууд дээр очих шаардлагагүй, тусгай  цэнэглэгчээр цэнэглэх боломжтой юм байна.

 Фольксваген группийн охин компани Порше автомашин үйлдвэрлэл, тоног төхөөрөмждөө нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болсон бөгөөд үүнээсээ 700 сая еврог шинэ загварын спорт машины үйлдвэрлэлд зориулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэмж 1000 ажлын байр бий болох тухай компанийн удирдлагууд мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Порше компани цахилгаанаар бүрэн ажилладаг автомашин үйлдвэрлэнэ  
Үзсэн: 2262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй