
Монгол Улсаас Канберрад суугаа ЭСЯ эх орноо гадаадад таниулан сурталчлах бодлого, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Азийн Авьяастнууд" уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Австрали тивд урин тоглуулав.
Энэ нь ардын урлагийн хамтлагийн тоглолтоор чимэглэн дипломат харилцаа тогтоосны ой, Монголын соёлын өдрүүдийг Австрали болон Зүүн Азийн 4 (Сингапур, Индонез, Вьетнам, Лаос) оронд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын ГХЯ-ны нэгдсэн арга хэмжээний хүрээнд явагдав.
Австралид зохион байгуулсан арга хэмжээний тухайд ногоон тивд Монголоос урлагийн бүтэн хамтлаг ирсэн анхны тохиолдол бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 1-нд Канберра хотноо, 2-нд Сидней хотноо тус тус тоглов.
Канберрагийн тоглолтыг Австралийн Үндэсний Их Сургуулийн урлагийн их танхим Ллевиллин-д зохион байгуулсан бөгөөд Австралийн Парламент, ГХЯ болон бусад яамд, Канберрад суугаа дипломат корпусаас 150 орчим хүн, монгол, австрали 250 гаруй оюутан иргэн үзэж сонирхлоо. Энэ арга хэмжээг зохион байгуулахад тус их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн олон талаар дэмжин хамтран ажиллажээ.
Сиднейгийн Монголчуудын холбоотой хамтран тус хотод зохион байгуулсан арга хэмжээнд Нью Саут Уельсийн Амбан захирагч асан тэргүүтэй 50 орчим төр, төрийн бус байгууллагын төлөөлөгч, 300 гаруй монгол, австрали, гуравдагч орны иргэн, оюутан үзэж сонирхов.
Элчин сайд Б.Чулуунхүү дээрх арга хэмжээг нээж үг хэлэхдээ хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцолж байв. Ийнхүү Австралийн тэнгэрт морин хуур, хөөмийн эгшиг хамтлагийн хэмжээнд анх удаа уянгалж, Чингис хааны магтаалаар өндөрлөсөн “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт Монголд аялан очих хүслийг далласан ерөөл болон өргөгдөв.
Австралийн тэнгэр дор Чингис хаанаа магтан дуулав | ||
Үзсэн: 442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.