
Хэн нэгэнд тус хэрэгтэй болоход тойрч гүйж байсангүй. Бараг л өөрийн ажлаа орхиж ирээд тухайн хүний ажлыг бүтээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн байх юм.
Мэдээж би бурхан биш учир бүгдэд яаж туслаж чадах бас бусдаар ч дөрөө хийж л явсан байх нь. Тэгсэн сүүлийн үед л бодоод байхад "Хүний хэрэг чамд ямар хамаа, өөрийнхөө амьдралыг яаая гэж байж" гэх бодол байн, байн орж ирдэг боллоо.
Энэ нь өмнөх нөхдүүд "дөрөөндөө сүү дусааж" байгаагүйтэй л холбоотой аж. Үнэндээ нуруугаа авахуулсан морь шиг болчихож. Нэг л тийм итгэлгүй.
Ихэвчлэн л ойр дотны итгэж, найдаж явдаг хүмүүс байдаг тул гэрээ хэлцэл гэлгүй аман тохироо хийгээд л дайраад орчихно шүү дээ. Тэгэээд толгой өндийлгүй зүтгэж нилээдгүй зүйлийг амжуулсны дараа өнөөх хайлсан тугалга мэт байсан нөхөд маань зайгаа бариад, завшаан олдвол өөлөөд эхэлдэг юм байна. Ухаандаа жийж эхлэж байгаа санаа нь тэр. Тэсэлгүй "Чи ингээд байна шүү" гэхээр чамтай ажиллах төвөгтэй бла бла гээд халах, солих дээрээ тулна. Намайг ажиллах хооронд өнөөх мухардлаасаа гарах арга замаа олоод харчих ч юм уу, миний хийсэн зүйлс цаашдаа явахад нь хангалттай "зам" болчихоор санагдах, дүрмийн тоглолт хийх гэж байгаа миний санаа дүрмийн бус тоглолттой нь зөрчилдөх зэргээс л ихэвчлэн болно доо хөөрхий.
За халах ч яахав даргын мэдэх хэрэг. Гэтэл дараа нь ажиллуулсан хугацааны мөнгөө өгөх дээрээ новширч өгнө дөө хөөрхий.
Ухаандаа нэг хэдэн төгрөг хэмнэчих гээд байх шиг байгаа юм.
Уг нь бол ажил хэрэг бүтээж байгаа хүнд ам, ажил хоёр нь нэг байх шиг сайхан зүйл байдаггүй юм шүү дээ. Гэтэл бараг л бөгс долоочих гэж ирээд одоо л найздаа туслаач гэж байсан нөхөр миний ажлын хөлсөөр ашиг хийгээд намайг хөөх санаатай. Бодвол энэ муу гэрээ, хэлцэл байхгүй амьтан хэдийхэн шалчигнахав л гэж боддог байлгүй дээ. Би яахав тэрний өгөх хэдэн төгрөгтэй, төгрөггүй амьдраад л явчихна. Харин тэр хүнд дахиад би хэрэг болвол яах юм бол...
Газраа хөлдөөчихөөд эргээд компанийнхаа ашгийн хувийг бариад ирж байсан нөхдийг ч санаж л байна. Тийм хэмжээний холын бодолгүй нөхөд л чээжний пангаар мөнгө хийчих гээд гүйлдээд байгаа болохоор манайд бизнес хөгжиж өгөхгүй байгаа ч байж мэднэ.
За нэг иймэрхүү л байна. Миний тэмцлийн хэлбэр хэдэн зүйл сараачих л юм даа. Тэгэхдээ би зүгээр нэг шороо арчих гэж очдоггүй тул компанийнх нь хамаг нарийн ширийн, булхай булчирхайг нь мэддэг гэдгийг ойлгоод түүнийгээ нийтэд дэлгүүлчихгүйн тулд айж явмаар л юм байгаам шүү дээ. Та бүхэнд гэж анхааруулахад ямар нэг ажил хийж л байгаа бол заавал гэрээ хийж бичгээр баримтжуулж авч байгаарай.
Эрхэм захирлууд та бүхэн хэн нэгнийг ажилд авахаасаа өмнө энэ нийтлэлд тусгагдсан шиг байдалд орохгүйн төлөө сайн тунгаан бодож байгаарай.
Алсад явах нэгнийг өргөж, унаажуулдаг болохоор
Агуу Монголын дээдэс төмөр дөрөөнд сүү өргөж дээдэлжээ...
Би бол "дөрөө" | ||
Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.