
Францын үндэсний хурлын депутатууд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд ногдуулдаг нэмүү өртгийн татварыг одоогийн байгаагаас 5.5 хувь болгож бууруулахыг дэмжлээ. Тэд өмнө нь энэ санаачилгыг няцааж байсан юм. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл “тампон”-д ногдуулах татварыг бууруулвал энэ барааны борлуулалтаас төсөвт орох орлого 2016 онд 55 сая еврогоор буурна хэмээн Францын Засгийн газар 10 дугаар сард энэ шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. Парламентад болсон санал хураалтын дараа Ерөнхий сайд Мануэль Вальс Засгийн газар энэ арга хэмжээнд дэмжлэг болох мөнгийг олсон гэж мэдэгджээ.
Тампон болон ариун цэврийн бусад хэрэглэлд ногдуулдаг татварыг цуцлахыг шаардсан кампанит ажил дэлхийн олон оронд өрнөж байгаа. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний төлөөлөгч Жоржетт Санд парламентад байгуулсан ялалттайгаа холбогдуулж үзэл санаа нэгтнүүддээ баяр хүргэсний зэрэгцээ тэднийг сонор сэрэмжээ алдахгүй байхад уриалжээ. Тэд ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг одооноос олох ашгаа хэрэглэгчдийн тусын тулд зарцуулахыг мөн уриалсан байна.
Энэ татварыг үгүй болгохыг шаардаж байсан идэвхтнүүд эдгээр барааг хүнс, ус, бэлгэвчний нэгэн адилаар наад захын хэрэгцээт эд зүйлсийн тоонд багтана хэмээн нотолдог юм. Ариун цэврийн хэрэглэлүүдэд ногдуулдаг нэмүү өртгийн татварыг үгүй болгохын төлөө ажиллагаа Францаас гадна Британи, Австрали, Нидерланд болон бусад улсад өрнөдөг. Энэ ажиллагааг дэмжигч хэдэн зуун мянган хүн сүлжээгээр гарын үсгээ цуглуулсан байдаг. Үүний мөрөөр Британийн Засгийн газар “тампон”-ы татварт 5 хувийн хязгаар тогтоохыг Европын Комисст санал болгохоор зэхэж байгаа бол Австрали улс энэ оны наймдугаар сараас уг татварыг бүрмөсөн үгүй болгосон юм.
Франц “тампон”-д ногдуулах татварыг бууруулахаар боллоо | ||
Үзсэн: 1788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.