
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Төрөөс хүн амын талаар бримтлах цогц бодлогын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын нийт хүн амын 28.1 хувийг 0-14 насны, 65.7 хувийг 15-59 насны, 6.2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын арван жилд үргэлжлэхээр байгаа талаар УИХ-ын даргад танилцуулсан юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгаагийн илрэл боловч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хүн амын бүтцийн энэхүү өөрчлөлт нь урт хугацаанд хүн амын өсөлтийг сааруулж болзошгүй тул төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэн хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, мөн хурдацтай явагдаж буй хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг уг бодлогын баримт бичигт тусгасан байна.
2014 оны байдлаар хүн амын гуравны хоёр нь хот, суурин газарт амьдарч байгаа бол хот, суурин газрын хүн амын 68.5 хувь нь нийслэл Улаанбаатарт суурьшсан байна. Ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буйг анхаарч, иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн хүн амыг насан туршид нь боловсруулан хөгжүүлэх, амьдралдаа эзэн байх чадвар, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн орлоготой байх, нийгмийн үйлчилгээг эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн чанартай хүргэх зэргээр хүний хөгжлийн үр дүнтэй чиг хандлагыг баримталжээ.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын хүрээнд хүн амын тогтвортой өсөлтийг хангах, төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах, хүн ам, гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулах, хүн бүрт боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүн амыг идэвхтэй амьдрах, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх чиглэлүүдээр холбогдох зорилтуудыг дэвшүүлжээ.
2040 он гэхэд ахмад настан гурав дахин нэмэгдэнэ | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.