
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 17-20-нд Баянхонгор аймагт ажиллав. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хуулиудын талаар олон нийт болон хууль сахиулах байгууллагын, мөн орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтад оролцож үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ "Манай байнгын хороо маш их ачаалалтай ажилласан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль зэрэг 300 гаруй хуулийн шат шатны хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар батлуулсан. Өнөөдөр Баянхонгор аймагт байнгын хорооны ажлын албаны ажилтнуудын хамт хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад өдөр тутам хэрэглэгдэх Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг тайлбарлан таниулж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс сургалтад оролцогч та бүхнийг идэвхтэй оролцож, санал бодлоо солилцоно гэдэгт найдаж байна" гэлээ.
Мөн тэрбээр Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339 дүгээр ангийн ажилтан, алба хаагч нартай уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонссон юм. Түүнчлэн Баянхонгор аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтад Барилгын цэргийн ангийнхан оролцож, олон барилга байгууламж сүндэрлэж байгаад таатай байна гэлээ.
Д.Ганбат гишүүн Баянхонгор аймагт ажиллав | ||
Үзсэн: 407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.