Шууд Chart

Ипотекийн зээлтэй холбоотой АН-ын 10 "Нүгэл"

2015-12-25 10:51:41

Өнгөрсөн лхагва гарагийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ипотекийн зээл бол сонгууль угтаж хийсэн нүгэл гэх зэргээр тайлбарласан. Харин энэ талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудсанд ийн бичжээ.

"Ц.Нямдорж гишүүний хэлж байгаагаар сүүлийн 30 сарын хугацаанд бий болсон дараах эерэг өөрчлөлтүүд НҮГЭЛ гэж үү?

• 44336 өрх 2427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177.3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон байртай болж амьдрал ахуй нь дээшилсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• 76583 өрх, 153.2 мянган иргэн сар бүр 28 тэрбум, жилд 336 тэрбум төгрөг, 20 жилд 6.7 их наяд төгрөгийн бодит хуримтлал хийдэг болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• 19413 өрхийн 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8%-д шилжүүлж, 77.6 мянган иргэний бодит орлогод жил бүр 70 тэрбум төгрөгийн, 20 жилийн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн дэмжлэг бий болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• Эдийн засгийн хүндрэлтэй үед ажилгүйчүүдийн эгнээ 200 мянгаар нэмэгдэх байсан эрсдэлээс сэргийлж, барилгын салбарт ажиллагсдын тоо 2013-2014 онд 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• Барилгын материалын жилийн импортын хэмжээ өсөөгүй хэвэндээ байхад шинээр ашиглалтанд орсон орон сууцны нийлүүлэлт 2.4 дахин нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл сайжирсан нь НҮГЭЛ ҮҮ?

• 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралт, барилгын үйлдвэрлэл хийгдсэн нь НҮГЭЛ ҮҮ?

• Дунджаар 1.3 сая төгрөгийн орлоготой өрх орон сууцны ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой болсон нь НҮГЭЛ ҮҮ?

• Иргэд тогтвортой ажил эрхлэх хандлагатай болж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, амьдралын зөв хэв маягт шилжих, зорилготой, тэмүүлэлтэй, зөв амьдрах дадал суусан нь НҮГЭЛ ҮҮ?

• Хөдөлмөрийн зах зээл илүү тунгалаг болж, нийгмийн даатгалын төлбөр бодитой болон, бүртгэлгүй орлогыг бүртгэлтэй болгож, далд эдийн засгийг хумих сайн нөлөө гарсан нь НҮГЭЛ ҮҮ?

• Монгол Улсын эдийн засаг суурь өвчнөөсөө салж, өрхийн зардлын бүтэц зөв гольдролдоо орон, дундаж давхаргын хуримтлалд суурилсан тогтвортой өсөлттэй болж эрүүлжих нь НҮГЭЛ ҮҮ?"


Ипотекийн зээлтэй холбоотой АН-ын 10 "Нүгэл"  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй