Шууд Chart

Байнгын хороо Сонгуулийн хуулийг дэмжлээ

2015-12-25 17:02:18

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлахад, төслийн 85.6 дахь хэсгийн хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуулийн хуудаст нам, эвслийн нэрийг бичих заалттай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд нам, эвслийн нэрээс гадна нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийг бичих нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан тул энэ асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй байна гэдгийг байнгын хорооны дарга хэллээ. Иймээс төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Нам, эвсэл бүрээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу жагсаан хэвлэж сонгогч бүрт тараах” гэсэн агуулгатай хэсэг нэмэх горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Ингээд уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм. Түүнчлэн хуулийн төслийн зарим зүйл заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Р.Бурмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Харин яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.


Байнгын хороо Сонгуулийн хуулийг дэмжлээ  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй