
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцов. Нээлтийн ёслолын өмнө УИХ-ын дарга орон сууцны хорооллыг үзэж, танилцсан юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллагын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт-Ухаа 2” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулж байгаа юм.
З.Энхболд: Эхлээд хуулиа батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна
Тус цогцолбор хорооллын нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дарга оролцож, үг хэллээ. Тэрээр “Ардчилсан нам 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Энэ хүрээнд “Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.
Засгийн газар 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна” хэмээн хэллээ. Түүнчлэн энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн байгуулалттай харьцуулбал таш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна. Энэ сонгуульд зориулж хийж байгаа юм биш, АН хийх ажлаа л хийж байна.
Энэ үеэр найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг бүх зүйл, зүйл заалтаар нь дахин батлахаар ажиллаж байгааг дуулгасан юм. Үүний зэрэгцээ инфляци гурван хувьд хүрч буурсантай холбоотойгоор орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд оролцов | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.