
Иракийн Засгийн газрын цэрэг өчигдөр "Исламын улс" бүлэглэлийн тус улс дахь гол түшиц цэгүүдийн нэгд тооцогддог Рамади хотын төвийг чөлөөллөө. Иракийн зэвсэгт хүчнийхний мэдээлснээр цэргүүд хотын засаг захиргааны барилгууд төвлөрсөн дүүргээс "Исламын улс" бүлэглэлийн дайчдыг шахан гаргасан байна.
Рамади хотод исламын шашны сунит урсгалыг дагагч арабууд голлон амьдардаг. Иракийн нийслэл Багдад хотоос ердөө 90 км зайтай тус хотыг тавдугаар сард "Исламын улс" бүлэглэлийн хяналтад алдсан нь Иракийн цэрэг армийн хувьд ичгүүртэй ялагдал болсон юм. Сарын турш үргэлжилсэн ажиллагааны дүнд хотын засаг захиргаа төвлөрсөн хэсгийг эргүүлэн хяналтандаа авсан Засгийн газрын цэргүүд одоо Рамадигийн бусад дүүрэгт бүгж байгаа "Исламын улс" бүлэглэлийн дайчдыг илрүүлэх, шахан гаргах ажиллагаа явуулах юм байна.
Армийнхны эсрэг "Исламын улс" бүлэглэлийн 400-гаад дайчид тулалдсан гэж зарим албан бус эх сурвалж мэдээлсэн ч, Иракийн Засгийн газар энэ мэдээллийг баталгаажуулаагүй байгаа юм. Рамадиг бүрэн чөлөөлсний дараа, цэргүүд Иракийн хойд хэсэгт орших Мосул хотод давшилт эхлүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер Аль-Абади мэдэгдсэн байна. "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа хамгийн олон хүнтэй тус хотыг чөлөөлөх ажиллагаа илүү хүнд байх болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.
Рамадигийн засаг захиргааг "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлөв | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.