
Энэ хүлгийг мэдэх хүн олон ч ярих бүрт сонирхолтой санагддаг билээ. Тиймээс Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононд хэрхэн ирсэн талаар товч мэдээлэл хүргэе. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агваан багшийн унаган адуу байсан бөгөөд бэлэг, наймаа зэргээр хэд хэдэн эзэн дамжсан гэдэг. Анх удаа овооны наадамд уралдаж ирээд байхад нь уяач Д.Сугар үнэнхүү хурдан хүлэг болохыг нь таньж худалдан аваад Д.Ононд жолоог нь атгуулсан хэмээдэг.
Долоон настай ирсэн хээр морийг Д.Онон хатгаж засал хийн уралдуулалгүй өнжөөж, найман настайд нь улсын наадамд анх удаа тоосыг нь өргүүлэхэд аман хүзүүдсэнээр их амжилтынх нь эхлэл тавигдсан юм. Хээр морь дараа жил нь буюу есөн настайдаа Боржигоны бүсийн наадамд түрүүлж, “Говь Шанх”-ын хурд бүсийн наадамд аман хүзүүнд хурдалж хурдан морь сонирхогчдын хараа сунган, чих тавин хүлээх хурдан хүлгийн нэг болов.
Алдарт хээр морины хамгийн хурдан байсан, өндөр амжилт үзүүлсэн жил нь 2001 он байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 80 жилийн ой, улсын их баяр наадам, Монголын шигшмэл хурдан хүлгийн “Их хурд-2” уралдаанд түрүүлсэн. Дараа жил нь улсын наадамд аман хүзүүдэж, 2004 онд 14 настайдаа “Их хурд-3” уралдаанд айргийн дөрөвт хурдалж, үнэнхүү хурдан гэдгээ дахин нотлов.
Аварга хээр морь нь том, жижиг наадамд 20 гаруй түрүүлж, олон айрагдсан ба уралдсан хугацаандаа дөрвөн удаа л айрагдаагүй гэдэг. Тиймдээ ч Монголын хурдан морины уралдааны түүхэнд хамгийн өндөр бай шагнал хүртсэн адуугаар нэрлэгддэг.
“Манлай түмэн эх” хээр морь нь уяаны эрэмбээр давхидаг жинхэнэ аварга морь байсан төдийгүй төрсөн нутагтаа очиж шингэсэн цагийг эзэлсэн агуу хүлэг байлаа. Амжилтын цувааг нь сонирхуулбал, 1998 он буюу Ардын хувьсгалын 77 жилийн ойн баяр наадамд аман хүзүү, 1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит "Боржигон" төвийн бүсийн уралдаанд түрүү, 1999 оны “Говь Шанхын хурд” бүсийн уралдаанд аман хүзүү, 2001 оны шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд түрүү, 2001 он буюу Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд түрүү, 2002 оны улсын наадамд аман хүзүү, 2004 оны шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан хурдан буян байлаа.
Хээр морины хөшөөг 2015 онд өөрийнх нь төрөлх нутаг болох Сүхбаатар аймгийн Уулбаян суманд сүндэрлүүлсэн юм.
Аварга хээр аргагүй аварга хүлэг байлаа | ||
Үзсэн: 1794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.