
Сингапур дахь АНУ-ын Худалдааны танхим (AmCham Singapore)-аас 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Монголын бизнесийн орчны тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт хүндэт зочноор Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэхээр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, илтгэл тавив.
Элчин сайдын илтгэлийн дараа танхимд нээлттэй хэлэлцүүлэг явагдсан бөгөөд хурсан зочид, төлөөлөгчид Элчин сайд Т.Лхагвадоржоос Монголын хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, асуулт хариулт өрнүүлэв.
Мөн хэлэлцүүлэгт Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын үүсгэн байгуулагч нар болох АНУ-ын Худалдааны танхимын Ази, Номхон далайн Зөвлөл (APCAC)-ийн дарга, “Woodmont International” компанийн Гүйцэтгэх захирал Жэксон Кокс, DLA Piper компанийн Сингапур дахь Удирдах партнер Жон Виверито нар оролцож, Монголд явуулж буй өөрсдийн бизнесийн туршлагаасаа хуваалцан, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монголын зах зээлд өргөн боломж байгаа тухай дахин бататгасан төдийгүй Монголд хэрхэн амжилттай бизнес эрхлэх талаар зөвлөгөө өгч байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Сингапур дахь АНУ-ын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Жудит Фергин тэргүүтэй төлөөлөгчид Элчин сайд Т.Лхагвадоржид талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.
“Монголын бизнесийн орчны тухай” хэлэлцүүлэг болов | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.