
XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн өнгийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Энэ бичин жилийн өнгийг тодорхойлооч?
-ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарч байна. Энэ жилийн ерөнхий ноён нурууг “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл үхэр нь толгой, чих, сүүл, ходоод нь улаан, цагаан биетэй, дөрвөн шийр, ногт, омруу туурай нь шар, хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь шар царайтай, гэзгээ орой дээрээ бухалдсан, ногоон дээл, цагаан бүстэй, хоёр шар гутлаа бариад хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай хүүхэд үхрийнхээ баруун талд явна гэж дүрслэгдсэн. Түмэн олонд маш сайн, өндөр суудалтанд дунд, дунд суудалтанд муу жил болно. Иргэд амгалан тайван, залуу хүний ажил үйлс бүтээмжтэй байна.
-Ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?
-Жил нь орж буй 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настнууд онцгойлон заслаа хийлгэх шаардлагатай. Түүнээс гадна их, бага харш жил гэж байдаг. Бар жилтэй хүмүүсийн их харш жил, могой болон гахай жилтэй бол бага харш жил гарч байна гэсэн үг. Эдгээр жилтнүүд заслаа хийлгээрэй. Мөн хулгана, луу жилтнүүд “түнсүм” засалтай.
-Бусад жилтнүүдийн хувьд хийлгэх засал бий юу?
-Ер нь бол ирж буй жилдээ бүхий л хүн засал номоо хийлгүүлэх хэрэгтэй. Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэнэ. Могой, морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай байна.
-Мэнгэний засал гэж байдаг. Мэнгэ голлосон хүмүүсийн хувьд яах вэ?
-Амин мэнгэ буюу насны мэнгэ голлосон 1920, 1931, 1938, 1949, 1956, 1967, 1974, 1985, 1992,2003, 2010, 2016 онд төрөгсөд Жанаггагдог, Амин золиг, Манал насны тоогоор уншуулна. Биеийн мэнгэ буюу эрүүл мэнд талдаа 1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007 оныхон Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулна. Эрхтэн мэнгэ нь голлосон 1924, 1927, 1942, 1945, 1960, 1963, 1978, 1981, 1996, 1999, 2014 онд төрсөн бол Жанаггагдог, Намсрайн даллага, Ямбийдончир, Заслын найман ном уншуулах хэрэгтэй. Хийморийн мэнгэ нь голлосон 1923, 1928, 1941, 1946, 1959, 1964, 1977, 1982, 1995, 2000 онд төрөгсөд Жанаггагдаг, Заслын найман ном, Жалцанзэмүбүнжан уншуулж, хийморийн дарцаг хийсгэх шаардлагатай.
-Бич жил монголчуудад хэр ээлтэй вэ?
-Ард иргэдийн ярьж байгаа шиг ган гачигтай, харш жил биш. Ерөнхийдөө гандуувтар, хур тунадас, газрын шим өгөөж дунд зэрэг жил болно. Улс оронд үймээн самуун, хямрал, тэмцэл их, хулгай дээрэм ихсэх нигуур байгаа. Гэхдээ амны билгээр ашдын билэг гэдэг шиг хүн болгон дотроо сайхан жил болно гэж бодох хэрэгтэй.
-Ямар нэгэн онцгой үйл явдал болох уу?
-Бич жилд муу зүйл болохгүй. Монголчууд бид билэгтэй ард түмэн. Бүгд шинэ гарч буй ондоо билэгтэй сайхан үг хэлж, сайн зүйл бодож оноо гаргахад улсын маань эдийн засаг тогтворшсон, ард иргэдийн амьдрал дээшилсэн сайхан жил болно.
-Иргэдийн дунд бичин жил монголчуудад харш, зуд болдог гэсэн ойлголт давамгай байдаг?
-Бүх зүйл үйлийн үрийнхээ дагуу явна. Од гарагаас хүнд нөлөөлөх сөрөг зүйл шууд ирдэггүй. Сүсэгтэн олон бич жил монголчуудад харш, бичин жилийн зуд гэж ярьцгаадаг. Энэ бол тэр жилийнх нь үйлийн үр нь ирсэн хэрэг. Энэ жилийн хувьд улс, эх оронд минь аюул гамшиг ирэхгүй тул ард иргэд, сүсэгтэн олон минь сэтгэлээ тогтоох хэрэгтэй.
-Баярлалаа.
Зурхайч лам Д.Цогтбаатар: Гал бичин жилд эх оронд минь аюул гамшиг ирэхгүй | ||
Үзсэн: 2157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.