Шууд Chart

Сирийн Засгийн газрын цэргүүд Шейх-Мискин хотыг чөлөөлжээ

2016-01-26 13:19:00

Өчигдөр өрнөсөн ширүүн байлдааны дүнд Сирийн Засгийн газрын цэргүүд стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог Шейх-Мискин хотыг босогчдоос чөлөөлжээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр Сирийн өмнөд хэсэг дэх Даръа мужид байрладаг Шейх-Мискин хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа ОХУ-ын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр 12 дугаар сарын сүүлээс эхэлж, өчигдөр ийнхүү амжилттай өндөрлөсөн байна.

Шейх-Мискин хот нь Сирийн нийслэл Дамаск хот болон  Кунейтра, Сувайда зэрэг мужийг тус улсын өмнөд бүс нутагтай холбодог гэдгээрээ стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог юм. Мөн Даръа мужийн зүүн, баруун хэсэг дэх дэд бүтэц тус хотоор дамжин холбогддог байна. Иймээс Сирийн Засгийн газрын цэргүүд Шейх-Мискин хотыг босогчдоос чөлөөлөхийн тулд нэг сар гаруйн хугацаанд ширүүн тэмцэл өрнүүлжээ. Тус хотод Башар Асадын цэргүүд хяналтаа тогтоосноор сөрөг хүчний зэвсэгт босогчид Сирийн баруун бүс нутагтай харилцаа холбоо тасарч, тус бүс нутгаас бараа хангамж тээвэрлэх боломжгүй боллоо.

Мөн Исламын улс, Жихад ан-Нусра алан хядах бүлэглэлүүдэд эдийн засаг, харилцаа холбооны хувьд том цохилт болсныг зарим шинжээч онцолж байна. Харамсалтай нь  Засгийн газрын цэргүүд, босогчдын хооронд удаан үргэлжилсэн байлдааны улмаас Шейх-Мискин хот ихээхэн нурж, сүйдсэн болохыг эх сурвалжууд мэдээллээ. Сирийн Засгийн газрын цэргүүд цааш Даръа мужийн хамгийн өндөр цэг болох Ал-Харра уулын чиглэлд давшилтаа үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн Засгийн газрын цэргүүд Шейх-Мискин хотыг чөлөөлжээ  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй