Шууд Chart

Их Британид тоглоомын үзэсгэлэн яармаг боллоо

2016-01-27 15:56:49

Тоглоом үйлдвэрлэлээрээ Европ тивд тэргүүлдэг Их Британи улс жил тутмын тоглоомын үзэсгэлэн яармагийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ онд олон улсын зах зээл дээр худалдаалагдах 15 мянга орчим төрлийн шинэ тоглоомыг тус үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулсан байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт технологийн дэвшлийг ашиглан үйлдвэрлэсэн тоглоом наадгайнаас гадна 1970, 1980-аад онд худалдаалагдаж байсан тоглоомуудын сайжруулсан загварыг танилцуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тухайн цаг үед хүүхэд байсан хүмүүс эдүгээ эцэг, эх болцгоосон, иймээс балчир насаа дурсан эдгээр тоглоомыг хүүхэддээ худалдан авч өгөхөөр яарч байгааг тоглоом үйлдвэрлэгчид хэлж байна.

Тухайлбал, энэ онд бүтээгдсэн дэвшилтэт технологийн тоглоом наадгайнаас нисгэгчгүй төхөөрөмж дроны алганд багтахуйц жижгэрүүлсэн хэмжээтэй загварыг онцолж болохоор байна. “Майкро Дрон 3” нэртэй энэ төхөөрөмж өндөр нягтралтай дүрс бичлэгийн камертай, мөн ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмжтэй холбогдон дүрс бичлэг шууд дамжуулах боломжтой юм байна.

Мөн Гүүгл компанийн картон цаас ашиглан хийсэн нүдний шилний тусламжтайгаар камерийн авсан дүрслэлийг илүү бодитоор харж, өөрөө нисч байгаа мэт мэдрэмж авч болох юм. Үүнээс гадна наадаг зураг шохоорхдог багачуудад зориулан дэвшилтэт технологийн наадаг зургийг танилцуулсан байна. Хүүхдүүдийн өхөөрддөг амьтад, тоглох дуртай тоглоомыг дүрсэлсэн эдгээр наадаг зураг нь аппликешний тусламжтайгаар ухаалаг утсан дээр 3 хэмжээст байдлаар харагддаг байна. Наадаг зурагнаас гарч ирсэн 3 хэмжээст дүрс хөдөлдөг, дуугардаг гэдгээрээ мөн онцлог юм.

Өнгөрсөн онд Их Британийн тоглоом наадгайны зах зээл 5.9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ онд ч мөн тус салбарын ашиг орлого үргэлжлэн өсөх хандлагатай байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Их Британид тоглоомын үзэсгэлэн яармаг боллоо   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй