Шууд Chart

Японы Фукуока мужид эрс хүйтэрснээс усан хангамж тасарчээ

2016-01-28 07:42:35

Японы Фукуока мужид эрс хүйтэрсний улмаас усны хоолой задарч наад зах нь 60 мянган байшин, орон сууцны усан хангамж тасарчээ. “Киодо” агентлагийн мэдээлснээр усны хоолойг засварлахаар Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг илгээсэн байна. Ийм онц байдал үүссэн Омута хотод одоогийн байдлаар цельсийн 8 градус орчим байгаа бол шөнөдөө хасах градуст шилжиж буй юм байна. Агаарын температур эрс унаснаас болж задарсан усны хоолойг засварлатал усны машинаар ус тээвэрлэх ажил зохион байгуулжээ.

Үүний зэрэгцээ Японы баруун нутгуудаар даваа гарагийн орой болтол их хэмжээний цас орсноос сүүлийн гурван хоногт наад зах нь найман хүний амь эрсдэж, 610 хүн гэмтэж бэртсэн байна. Нагоя хотод 60 хүнтэй явсан автобусны жолооч их цастай зам дээр жолоодлогоо алдсанаас галт тэрэгний төв буудлын дэргэдэх автобусны буудал руу дайрч орсон хэрэг бас гарчээ.

Түүнчлэн их цасны улмаас хэдэн зуугаар тоологдох онгоцны нислэг цуцлагдаж байна. Зөвхөн өнгөрсөн хоёр хоногт л гэхэд, дотоодын 600 гаруй нислэг цуцлагджээ. Ер нь энэ өвөл Японы хэд хэдэн газарт түүхэнд бүртгэгдсэн агаарын температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдсэн байна. Кагошима мужийн Иса хотод цельсийн 15.2 градус хүрч хүйтэрсэн бол Амами арлууд дээр 39 жилийн дараа анх удаа цас оржээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы Фукуока мужид эрс хүйтэрснээс усан хангамж тасарчээ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2016-01-28 09:19
Манайх шиг 40 градус хүрвэл хүн үлдэхгүй юм байна л даа

Бидэнтэй нэгдээрэй