Шууд Chart

Франц улс Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалжээ

2016-01-28 12:30:49

Тив алгасагч пуужин туршсантай нь холбогдуулан Иран улсын эсрэг дахин хориг арга хэмжээ тогтоохыг Франц улс Европын холбоонд уриалсан талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. Францын тал энэ хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайдууд уулзах үеэр буюу Ираны төрийн тэргүүн Хассан Роуханийг тус улсад айлчлахаас өмнө гаргажээ.    

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Тегераныг олон улсын "5+1" бүлэгтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохыг баталгаажуулснаас хойш дэлхийн улс орнууд, тэдгээрийн дунд АНУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тогтоосон ихэнх хориг арга хэмжээгээ цуцлаад байна. Гэхдээ үүнээс хойш удалгүй АНУ Ираны тив алгасагч пуужингийн туршилттай холбогдуулан дахин шинэ хориг арга хэмжээ тогтоож, тус пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгж АНУ-ын банкны системээр үйлчлүүлэх эрхийг хаасан юм. Европын холбоо үүний адилаар Ираны тив алгасагч пуужингийн туршилтын эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэх Францын санал, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэж байгаа Иран, Франц хоёр орны харилцаанд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани өчигдөр Итали дахь айлчлалаа өндөрлөж, Франц улсад төрийн айлчлалаа эхлүүлсэн. Гэхдээ исламын шашны ёс жаягийг хүндэтгэн хүндэтгэлийн зоогт дарс хундагалаагүй, бас музей дэх нүцгэн хөшөөнүүдээ далдалсан Италийн эрх баригчидтай харьцуулахад Францын тал Ираны Ерөнхийлөгчийг төдийлөн найрсгаар угтаж авсангүй. Дарс үйлдвэрлэлээрээ алдартай Франц улс хүндэтгэлийн зоогийн цэсэндээ өөрчлөлт оруулахаас татгалзсан учраас хоёр орны төрийн тэргүүн нар хамт хүндэтгэлийн зоог барих төлөвлөгөөгөө цуцласан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Франц улс Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалжээ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй