Шууд Chart

Иран улс 118 нисэх онгоц худалдан авна

2016-01-29 15:28:52

Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Франц улсад айлчлах үеэрээ хоёр орны харилцаанд шинэ эрин үе эхэлж байгааг зарлалаа. Энэ айлчлалын үеэр Франц, Ираны компаниуд хэд хэдэн томоохон гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Эдгээрийн дотор Эйрбас компаниас иргэний агаарын тээврийн 118 нисэх онгоц худалдан авах 25 тэрбум америк долларын гэрээ багтаж байгаа юм.

Мөн Францын автомашин үйлдвэрлэгч Пежо компани Ираны Ходро компанитай хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний өртөг 400 сая евро. Мөн Францын газрын тосны Тотал компани Иранаас 200 мянган баррель түүхий нефть худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн Буиг барилгын групп, Парисын нисэх буудлын захиргаа хамтран Тегераны нисэх буудалд өргөтгөл барих гэрээ байгуулсан бол, Винси гэх барилгын фирм Мешхед, Исфахан хотын нисэх буудлуудад шинэ терминал байгуулахаар болсон байна. Үүнээс гадна тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ус дамжуулах байгууламжай холбогдсон хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулагджээ.

Эдгээр гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ираны ерөнхийлөгч Хассан Роухани, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар байлцсан байна. Роуханигийн айлчлалын үеэр Иран улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, ялангуяа тус улсад хэрэглэж байгаа цаазаар авах ялыг шүүмжилсэн жагсаал болж, жагсагчид хоёр талын яриа хэлэлцээнд энэ асуудлыг хөндөхийг уриаллаа. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани үүний өмнө Итали улсад айлчилсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иран улс 118 нисэх онгоц худалдан авна  
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй