Шууд Chart

БНСУ-д нисгэгчгүй төхөөрөмж дроны үзэсгэлэн яармаг болжээ

2016-02-01 17:02:13

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын хоёр дахь том хот болох Пусанд нисгэгчгүй төхөөрөмж дроны үзэсгэлэн яармаг болжээ. Нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон энэ үзэсгэлэн яармагийн үеэр Өмнөд Солонгосын болон бусад улсын 56 компани 100 гаруй төрлийн шинэ загварын дроноо олон нийтэд танилцуулсан байна. Өмнөд Солонгос дахь энэ үзэсгэлэн яармаг Ази тивд зохион байгуулагддаг дроны хамгийн том үзэсгэлэн гэдгээрээ онцлог байлаа.

Шинэ загварын дронуудын зарим нь 4К өндөр нягтралын дүрс бичлэгийн камертай, өөр нэг хэсэг нь ухаалаг гар утас, дуу хоолойгоор өгсөн зааварт суурилан ажилладаг зэрэг онцлог чадвартай юм. Цэрэг батлан хамгаалах, хөдөө аж ахуй, гамшгаас хамгаалах, аврах ажиллагаанд ашиглах зэрэг төрөл бүрийн зориулалттай дронууд энэ удаагийн үзэсгэлэнд оролцжээ. Мөн зарим дрон агаараас дүрс бичлэг хийх, бараа бүтээгдэхүүн хүргэх чадвартай болсон байна.

Үүнээс гадна  дронуудын ирээдүйгээс ирсэн мэт шинэлэг шийдэл, өнгө загвар олны харааг булааж байгаа юм. Дрон зөвхөн радио долгионоор төдийгүй утасгүй интернэтээр мөн дохио заавар хүлээн авдаг болсон байна. Түүнчлэн дууны долгион хүлээн авагчийг гурван талд нь суулгасан шинэ загварын дрон өндөр нарийвчлалтайгаар яг заасан цэгт газардах чадвартай болжээ. Дроныг олон салбарт хэрэглэх болсонтой холбогдуулан ойрын жилүүдэд дрон үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэхдээ Өмнөд Солонгосын хувьд нисгэгчгүй төхөөрөмжийн зах зээлээрээ дэлхийн орнуудаас доогуур байрт бичигдсээр байна. Тус улс дахь дроны зах зээл 10 тэрбум вон буюу 8.3 сая америк доллараар үнэлэгдэж байгаа нь дэлхийн зах зээлийн ердөө 0.5 хувийг эзэлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНСУ-д нисгэгчгүй төхөөрөмж дроны үзэсгэлэн яармаг болжээ  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй