
Ерөнхий тэмдэглэл
Миний эртнээс бодож байнга судлан очно доо хэмээн мөрөөдөж байсан газар бол яах аргагүй Хятадын Хунань муж байсан юм. Тиймээс ч Хятадын Засгийн газраас бодлогоор аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байгаа энэ зүгт үүргэвчээ үүрэн гарахаар шийдсэн байлаа. Тухайн үед нэг найз маань хамт явчихъя. Ер нь чамтай хамт явах хүсэлтэй хүмүүс байгаа байх шүү... гэсний дагуу зар тавьсан даруйд 11 хүнтэй баг бүрдсэн юм. Ингээд л сайтар төлөвлөсний дараа зориг шулуудан 12 хоногийн үүргэвчтэй аялалдаа гарсан.
Үүргэвчтэй гэж тодотгоод байгаа нь үүргэвч үүрээд яваад байхдаа ч гол нь биш хамгийн хямд байж болох бүх хувилбарыг ашиглан аялахыг хэлдэг. Хамгийн хямд унаа, хамгийн хямд дэн буудал, хамгийн хямдаар хүнсээ зохицуулах, хамгийн хямдаар сайхан газар, сайхан зүйлсийг үзэн аялахыг л "Үүргэвчтэй аялал" хэмээдэг.
Унаа: Тиймээс ч бид Улаанбаатараас Замын-Үүд рүү нийтийн галт тэргээр, Замын-Үүдээс Эрээн рүү найзаараа яриулж байгаад Монголын хилээр явган гарч цаанаас нь 20 юаниар, Эрээн-Бээжингийн хооронд унтлагын автобусаар /олуулаа гээд бас хөнгөлөлт авчихна/, Бээжинд байнгын "метродоостой", нэг бол алхаастай, Хятадын дотор хамгийн хямд суудалтай галт тэргэнд /ерөнхийдөө сууж явдаг галт тэргэнд унтаж болох бүх байрлалыг туршсан/ Хонгконгд бас л "метродоостой", Шэнжэниэс Бээжин хүртэл өнөөх суудлын галт тэргээрээ бараг 30 цаг явсан аялал бол бидний даван туулах хамгийн хүнд хэсэг байсан. Тэгэхдээ хямд юм чинь яахав дээ. Бээжингээс буцах замнал ирсэнтэйгээ яг адил болно. Замд аялсан газруудад хөлсний тэрэгнүүд хөлсөлсөн, нэг бол аяллын компанитай багцын гэрээ хийсэн.
Хоол: Бид урьдчилан тохиролцож шууз бэлдсэн байсан долоон кг гаруй ямааны махаар нэг 1.5 л, нэг 2 л-ийн тетрапак шууз бэлдсэн. Мөн хүн бүр 15 ширхэг Ролтон гоймон цүнхэлсэн. За ерөнхийдөө энэ бол бидний аяллын ихэнхийг давсан сайн хүнс. Галт тэргэнд ч, буудалд ч, уртхан оочиртой үзвэрийн гадаа ч, автобусанд ч шуузтай гоймонгоо магтан магтан идэж явлаа /худлаа худал зарим нь үнэндээ залхаж байсан/. Зарим тохиолдолд мөнгөө нийлүүлээд гудамжны сайхан Хятад хоол идсээн. Бүүр заримдаа тансаглаад Мак орсон, Шөлний газар орсон, хамгийн дээд тансаглал Старбаксд кофе уусан явдал байлаа. Мэдээж багаас гадуур нөхөд ганц нэгээрээ дуртай юмаа авч идэхийг үл тоочих бөгөөд оройн цагаар болон урт замд ганц нэг пийжүү, баажуу хашрааж байсныг өгүүлэхгүй орхивол алдас болох буй заа.
Үзсэн болон үзэхийг шахсан зүйлс: Мэдээж гараанаас гараад л Монголын хээр тал, говь, Монголын хилийн хот, Пуааа Хятадын хилийн хот ийм лаг болчихсон юм уу, Эрээнээс Бээжин орох замд үлэг гүрвэлийн хөшөөнүүд гээд л явж өгсөн. Бээжинг метроны буудал дээрээс голдуу харсаар галт тэргэндээ суугаад Чангша гэдэг хотод очсон. Уг нь бид энэ хотоос 150 км зайд байх дэлхийн хамгийн урт шилэн гүүрийг үзэх ёстой байсан юм. Гэвч тухайн газрын зам их эвгүй бөгөөд биднийг очих үед цаг агаар муу байсан тул очиж чадаагүй. Мөн хөлсний тэрэгнийхэнтэй ярилцаад их удирдагч Мао даргын цэцэрлэгт хүрээлэн рүү аялахыг хүссэн боловч "хөлдүү" Хятад таарснаас болоод шал дэмий цагаа барсан. 11-үүлээ явж байхад зургаан хүний суудалтай машин авчирсан тэнэг л дээ.
Тэрийг нь бид нар нэг цаг гаруй хүлээснийг яана. За тэгээд Чангша хоттой галт тэрэгний буудлын орчмоор танилцаад дэн буудалдаа стрессээ тайлцгаасан. Маргааш нь Зангжиажие хот руу хөдөлж тэндээсээ Хятадын үндэсний ойн хүрээлэн буюу өнөөх алдарт Пандорагийн зураг авалт хийсэн газар руу хоёр өдөр, нэг шөнийн аялал хийсэн. Маргааш нь Занжиажийдээ ирээд гайхамшигт Тианмэн уул руу кабель караар нисч очоод Тэнгэрийн хаалга, хавцал дагасан шилэн гүүр болон бусад сайхныг үзэх ёстой байсан боловч амралтын өдрийн дараалал нь бидний хүслийг нам дараад бид галт тэргээр цааш аяллаа үргэлжлүүлэхийг сонгосон юм. Амралтын өдөр аймаар оочиртой байдаг юм байна лээ.
Бидний өмнө бараг 10 мянган хүн байсан. Гурван давхар байшин л харагдаад байсан болохоос дотроо тийм битүү оочиртойг нь бид төсөөлөлгүй гэндсэн байсан. Тэндээсээ Шинзейн орсон. Шинзейнээс алхаад л Хонгконг орсон. Тэндээ шөнийн Хонгконгийг "TsimShaTsui" талаас нь харж, далайн эргээр алхаж, оддын цэцэрлэгт хүрээлэнд очиж ПрусЛи ахтайгаа уулзсан. Хонгконгд үзвэл их юм байдаг аж. Маргааш нь алдарт 30 цагийн аялалдаа гарсан бид Бээжинд ирээд их газрын цагаан хэрэм, Шувууны үүр, Төв талбайг үзсэн. Нэг өдрийн бүтэн сайхан аялал болсон. Хүсвэл бас Бээжин аквариум ч үзсэн болох юм билээ. Гоё.
За иймэрхүү л зүйл үзсэн юм. Цаашид дэлгэрэнгүйгээр газар тус бүрийн тухай өгүүлнэ. Видео ч үзүүлнэ.
Байр: Аяллын ихэнх шөнийг галт тэргэнд болон бусад унаанд өнгөрүүлэх бол мэргэн санаа боловч мэргэжлийн бус хүмүүс туршихгүй байхыг зөвлөж байна. Жаахан ядардаг юм. Бид үүргэвчтэй аялагчид тул аль галт тэрэгний буудал, метронд ойрхон дэн буудлуудыг сонгон байрласан. Ерөнхийдөө нэг шөнө нэг хүний зардал 50 юаниас хэтрэхгүй байхад анхаарсан. Тэрүүндээ ч хүрсэн. Занжиажийгийн үндэсний ойн паркад уулын орой дээр аймаар хүйтэнд халаалтгүй /усны цоргоноос нь гоожсон ус хүрхрээ мэт болон хөлдсөн байсан/ дэн буудалд байгалийн төгс гайхамшгийн дунд хоносон маань хамгийн төгс дурсамж болж.
Аяллын нийт зардалд багтсан байсан тул тэр буудлын үнийг мэдэхгүй байна. Бээжинд гурван ортой өрөөг 250 юаниар хөлслөн буусан нь хамгийн их тансаглал байжээ. Хонгконгд хоёр өргөн ортой өрөөнд нэмэлт матрас аваад 10-уулаа бөөндөө хонох боломж олгосон Энэтхэгчүүддээ гялайлаа. Чангшад хулганын нүх шиг жижиг, жижиг өрөөнүүдэд бүгд их тусгаар тогтносон байдалтай хоноход 240-хөн юань зарцуулсан нь хямдын туйл байжээ. За ингэсгээд л явдаг юм даа. Буудлын 00 болоод дүүшийн зэрэглэл энэ тэр тийм ч сайн биш байдаг боловч ганц хоноод гарах бидэнд хамаа юу билээ.
Төгсгөл
За нэг иймэрхүү ерөнхий зүйлийг л ерөнхий тэмдэглэлд дурсая. Хамт аялсан нийт багийнхандаа баярлалаа. Бидний аялалд тусласан бүх найз нартаа гялайлаа. Биднийг алсаас дэмжиж сэтгэлээрээ хамт байсан уншигчид, "Дэлхийгээр аялсан Монголчууд" фэйсбүүк группын гишүүддээ гялайлаа.
Үргэлжлэлийг удаахгүйг хичээж байгаа Анжигай...






















УБ-Бээжин-Занжиажие-Хонгконг чиглэлд хийсэн үүргэвчтэй аялал | ||
Үзсэн: 11201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.