Шууд Chart

Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтоох тогтоолын төсөл боловсруулжээ

2016-02-25 15:04:42

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтоох тухай АНУ, БНХАУ хамтран тогтоолын төсөл боловсруулсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийснээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрх бүхий байнгын таван гишүүнд багтдаг тус хоёр орон нэмэлт хориг арга хэмжээний тогтоолын төсөл боловсруулахаар нэг сар гаруйн турш яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.

АНУ, Хятадын санаачилсан тогтоолын төслийг тун удахгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж буй юм байна. Өмнө нь Хятад, Америкийн талууд Умардын эсрэг тогтоох шинэ хориг арга хэмжээ хэр чанга хатуу байх тухайд зөрүүтэй байр суурь баримталж байсан юм. Умардын эсрэг өмнөх хориг арга хэмжээнүүд төдийлөн үр дүн өгөөгүй. Иймээс энэ удаагийн хоригийг эрс чангатгах хэрэгтэй гэж АНУ үзэж байсан. Харин Умардыг цөмийн хөтөлбөрөө хумихыг ятгахад яриа хэлэлцээ чухлыг Бээжин онцлон, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн дараагийн хориг арга хэмжээг хэт чанга хатуу тогтоохоос зайлсхийхийг уриалж байсан юм. Гэхдээ талууд удаан үргэлжилсэн хэлэлцээний эцэст энэ талаарх байр суурийн зөрүүгээ арилгасан байна.

Умардын эсрэг нэмэлт хориг тогтоох тухай Америк, Хятадын боловсруулсан тогтоолын төсөлд ямар, ямар заалт багтсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Умард Солонгосын хийсэн цөмийн болон пуужингийн туршилттай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2006 онд Умардын эсрэг хориг арга хэмжээ анх тогтоож байсан. Тус цаг үеэс хойш үйлчилж байгаа хэд хэдэн хориг арга хэмжээнээс гадна цөмийн болон пуужингийн технологи импортлох, экспортлох, мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлохыг Умард Солонгост хориглосон байгаа юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтоох тогтоолын төсөл боловсруулжээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй