Шууд Chart

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тогтоох тогтоолын төслийг өргөн барьжээ

2016-02-29 07:27:56

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр АНУ БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон энэ сард хөөргөсөн алсын тусгалтай пуужин зэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоохоор төлөвлөж байгаа юм.

АНУ-ын танилцуулсан хориг арга хэмжээний төсөл Умардын эсрэг өмнө нь тогтоож байсан хориг арга хэмжээтэй харьцуулахад маш хатуу чанга байгааг ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн лхагва гарагт АНУ, БНХАУ хамтран Умардын эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолын төслийг боловсруулж дууссан гэдгээ олон улсад зарласан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан энэ тогтоолын төсөлд нисэх онгоцны түлш экспортлох болон Умардтай ашигт малтмалын худалдаа хийх зэрэгт хориг тавихаар тусгажээ.

Үүнээс гадна Умард Солонгосын хувь хүн, албан байгууллагын хилийн чинад дахь хөрөнгийг царцаах, гадаад орнуудад аялахыг хориглосон жагсаалтыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өргөжүүлэх тухай заалт багтсан байна. Энэ тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ болон бусад орны саналыг тусган, нэмэлт өөрчлөлт оруулсны дараа энэ 7 хоногт багтаан батлах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

АНУ, Хятадын боловсруулсан энэ тогтоол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлагдсан тохиолдолд Пхеньяныг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлэн тэлэхээс сэргийлэхэд хэр үр дүнтэй нөлөө үзүүлэх вэ гэдгийг олон улс анхааралтай ажиглаж байгаа юм. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тогтоох тогтоолын төслийг өргөн барьжээ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй