
Өндөр настан олонтой Япон улс эдгээр иргэддээ зориулан дроны хүргэлтийн үйлчилгээг нээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр орон нутагт амьдардаг өндөр настнуудад шаардлагатай хоол хүнс, эд зүйлсийг дрон ашиглан хүргэх бололцоог судалж байна.
Японы тээврийн яам, Токиод үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанитай хамтран Японы зүүн өмнөд хэсэгт орших Нака хотод уг туршилтыг хийжээ. Дрон сүү, талх зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй хайрцгийг авч ниссэн байна. Нислэгийн үеэр аливаа осол гаргахгүйн тулд газраас 30 хүртэлх метрийн өндөрт хөөргөсөн энэ дрон хагас километрийн зайг 4 минутад туулан ачаагаа амжилттай хүргэжээ. Уг туршилтын дараа дроныг хэврэг ачаа барааг хэрхэн зөөвөрлөх чадвартайг шалгахын тулд чанасан өндөг ашигласан байна. Дрон энэ даалгаврыг ч амжилттай биелүүлж өндөгнүүдийг ямар нэг гэмтэлгүй зохих газарт нь хүргэсэн байна.
Туршилтад оролцсон орон нутгийн өндөр настан сэтгүүлчдэд хэлэхдээ дрон түүний бодсоноос харьцангуй зөөлөн тогтвортой нисч газардсан болохыг онцлоод, өөрийн цэцэрлэгтээ хүссэн бараагаа шууд авчруулах ийм үйлчилгээнээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Японы Засгийн газрын зүгээс энэ үйлчилгээг 2018 оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс өмнө хэд хэдэн туршилт, судалгаа хийж үзэх болно гэдгээ мэдээлсэн.
Мэдээж дроны хүргэлтийн үйлчилгээнд хамгийн том саад болж магадгүй хүчин зүйл нь цаг агаар. Иймээс дроны үйлчилгээг цаг уурын нөхцөлд ашиглах боломжийг нээхийн тулд холбогдох компанийн зүгээс цаашид энэ асуудлыг шийдэхээр ажиллах юм. Японы тээврийн сайд Нобуаки Сузуки хүргэлтийн үйлчилгээ улам бүр өргөжих хандлагатай байгаа өнөө үед дроноор үйлчлэх шинэ систем нь өндөр амжилт олох магадлалтай гэж үзэж байна.
Японд дроны хүргэлтийн үйлчилгээ нээгдэнэ | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.