
Иракийн нийслэл Багдад хотын нэгэн дүүрэгт амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлж, энэ үеэр 70 гаруй хүн амь үрэгдсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр амиа золиослогчид мотоцикл унаж явсан бөгөөд, Садр хотын гар утас худалдаалах зах дээр олон хүн цугларсан хэсэгт очин, биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлжээ.
Үүнээс үүдэлтэйгээр амь үрэгдэгсдээс гадна 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. "Исламын улс" алан хядагч бүлэглэл цахим сүлжээгээр хийсэн мэдэгдэлдээ халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээгээд байна. Тус бүлэглэл нь исламын шашны хамгийн том буюу суннит урсгалыг дагадаг, бусад урсгалыг шүтдэг хүмүүсийг буруу номтнууд гэж үздэг юм. Иймээс тус бүлэглэлийн зохион байгуулсан энэ удаагийн халдлага дайралт исламын шашны 2 дахь том урсгал болох шийтийн урсгалыг дагадаг хүмүүс олноороо суурьшсан бүс нутагт болсон байна.
АНУ тэргүүтэй эвслийн хүчний дэмжлэгтэйгээр Иракийн зэвсэгт хүчин нутаг дэвсгэрийнхээ баруун хэсгийг "Исламын улс" бүлэглэлээс саяхан чөлөөлсөн. Улмаар цааш Иракийн хойд хэсэгт орших Мосул хот руу давшилт эхлүүлэхээр бэлдэж байна. Гэсэн хэдий ч "Исламын улс" бүлэглэлийнхэн өөрсдийн хяналтаас гаднах бүс нутагт халдлага дайралт үйлдэж, шийтийн сүсэгтнүүдийг хөнөөсөн хэвээр байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт мөн Багдад хотод амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлж, шийтийн сүмд цугласан 15 сүсэгтний аминд хүрсэн. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади "Исламын улс" бүлэглэлийг байлдааны фронтод ялагдал хүлээж байгаагийнхаа хариуд энгийн ард иргэдийн эсрэг халдлага дайралт үйлдлээ хэмээн эрс буруутгасан мэдэгдэл хийжээ.
Багдад хотод алан хядах ажиллагааны улмаас 70 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.