
АНУ, ОХУ-ын зуучлал дор Сирийн Засгийн газар, сөрөг хүчний босогчдын бүлэглэлүүд гал зогсоох түр хэлэлцээрийг мөрдөж эхэлсэн энэ үеийг ашиглан НҮБ Сирийн бүслэлтэд орсон хот, тосгодод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаа эрчимжүүллээ. Тус байгууллагын мэдээлснээр ирэх 5 хоногт 150 мянга гаруй хүнд хүнс, цэвэр ус, эм тариа болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн бүхий тусламжийн цуваа хүрч очих юм байна.
Энэ сард НҮБ болон түүний түнш байгууллагууд тусламжийн цуваа хүрч очиход хүндрэл бэрхшээлтэй бүс нутагт амьдран суугаа 1.7 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм. Сирид гал зогсоох хэлэлцээрийг дайтагч талууд өнгөрсөн бямба гарагт мөрдөж эхэлсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун батлан мэдэгдэж байна.
Мөн гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж байгаа АНУ, ОХУ-ын хамтарсан ажлын хэсэг тус хэлэлцээрийг зөрчсөн тухай мэдээллийг хэлэлцэх анхны уулзалтаа удахгүй зохион байгуулна гэдгийг Пан Ги Мун хэллээ. Сирийн Засгийн газар болон ОХУ-ын агаарын цэргийн хүчнийхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн талаар сөрөг хүчний босогчдын зарим бүлэглэл мэдээлж байна. Энэ асуудалд Францын эрх баригчид сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн.
Харин ОХУ Сирийн нутаг дэвсгэрт зөвхөн НҮБ-аас алан хядагч байгууллагын жагсаалтад багтаасан бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгч байгаа гэх хариу тайлбарыг хийж байна. Хэдийгээр Сирийн Засгийн газар, босогчдын хооронд гал зогсоох хэлэлцээр үйлчилж байгаа ч алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Катчер ч мөн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байгаа энэ үеэр АНУ тэргүүтэй эвслийн хүчин Сирид Исламын улс алан хядагч бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна. Сирийн нийслэл Дамаск хотын эргэн тойронд нөхцөл байдал харьцангуй тайван байна.
Энэ үеийг ашиглан хөнжил болон бусад ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан 20 ачааны автомашин босогчдын Дамаск хотын бүслэлтэд орсон Муадамия дүүрэгт хүрч очжээ.
НҮБ Сирийн бүслэлтэд орсон хот, тосгодод хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлаа эрчимжүүллээ | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.