Шууд Chart

АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирнэ

2016-03-02 13:25:52

АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли, ОХУ-ын сансрын нисгэгч Михайл Корниенко нар олон улсын сансрын станцад 340 хоног ажилласны дараа өнөөдөр эх дэлхийдээ эргэн ирэх гэж байгаа талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээллээ. Тэд сансрын станцад байх хугацаандаа найман өөр багийн гишүүдтэй ажиллаж, зургаан карго онгоц хүлээн авч, шинжлэх ухааны олон арван туршилт судалгаанд оролцсон юм.

АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА-гийн сансрын нисгэгч Скотт Келли Олон улсын сансрын станцыг командалж байсан. Тэрээр эх дэлхийдээ буцах гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн даваа гарагт станцыг командлагчийн албан тушаалаа эх орон нэгт сансрын нисгэгч Тим Копрад хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр НАСА хоёр сансрын нисгэгчийн Союз хөлөгт суун, эх дэлхийгээ зорих торгон агшны дүрс бичлэгийг өөрийн телевизээрээ бүрэн эхээр нь дамжуулахаар төлөвлөжээ.

Скотт Келли болон Михайл Корниенкогийн олон улсын сансрын станцад ажилласан хугацаа дундаж сансрын нисгэгчийнхтэй харьцуулахад хоёр дахин урт байгаа. Иймээс хоёр сансрын нисгэгчийг эргэн ирсний дараа сансарт хүн урт хугацаагаар амьдрахад бие махбодид нь гардаг өөрчлөлтүүдийг нарийвчлан судлах боломж нээгдэж байна. Та бүхэнд дуулгах бас нэгэн сонин мэдээ гэвэл АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли нь Марк гэх ихэртэй гэнэ.

Марк Келли өнгөрсөн жилийн турш өөрийн ихэр нь олон улсын сансрын станцад ажиллах үеэр эх дэлхийдээ хэвийн дадал хэвшлийнхээ дагуу аж төрж байсан юм. Скоттыг дэлхийд газардсаны дараа түүний бие махбодийг ихрийнхтэй нь харьцуулан судалж, сансарт нэг жил амьдарсан Скоттын бие хэрхэн өөрчлөгдсөнийг олж тогтоох юм байна. Сансарт удаан хугацаагаар ажилласан сансрын нисгэгчийн биед ясан дахь кальцийн хэмжээ буурах, нүүр ам хавагнах, цусны улаан эс цөөрөх, биеийн дархлаа сулрах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг ажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирнэ  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй