
Мьянмарын парламент улсынхаа шинэ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох үйл явцыг өмнө нь товлож байснаасаа долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 10-нд эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулиар тус улсын шинээр бүрдсэн парламентад олонх болсон Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам өчигдөр энэ шийдвэрийг гаргасан байна. Тус намын дарга Аун Сан Су Чигийн хүүхдүүд харь орны иргэншилтэй. Үүнээс үүдэн тэрээр Мьянмарын одоогийн үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын хууль тогтоогчид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл тус хуулийн холбогдох зүйл заалтыг түр хүчингүй болгох зэрэг санал оруулж байсан.
Гэсэн хэдий ч Мьянмарын улс төрд өнөөг хүртэл голлох эрх мэдэлтэй байгаа цэргийн эрх мэдэлтнүүд дээрх саналуудыг эсэргүүцжээ. Мөн тус намын удирдагч Аун Сан Су Чи Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч Мин Аунг Хлайнтай уулзах үеэр энэ асуудлыг хөндсөн ч талуудын яриа хэлэлцээ шийдвэрлэх үр дүнд хүрээгүй байна. Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам өөрийн даргад Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийг нээхийн тулд энэ тухай хуулийн төсөл өргөн барихад дор хаяж 20 хоног шаардлагатай байсан.
Гэхдээ ийм санал оруулалгүй шинэ Ерөнхийлөгчийг сонгох үйл явцыг товлосон хугацаанаас нь эрт эхлүүлэх шийдвэрийг тус нам өчигдөр гаргажээ. Энэ шийдвэр нь Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам Мьянмарын улс төрийн тогтвортой байдлыг хадгалахыг нэн тэргүүнд зорьж байгааг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Тус улсын шинэ Ерөнхийлөгчийг эрт сонгосноор Мьянмарын хууль тогтоох засаглал цэргийн эрх мэдэлтнүүдтэйгээ зөрчил тэмцэл үүсгэхээс сэргийлж, улмаар улс төрийн тогтвортой байдлыг хадгалах гол нөхцөл болох юм.
Мьянмарын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг товлосон хугацаанаасаа өмнө зарлана | ||
Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.