Шууд Chart

Түй гэхээ байчихъя л даа

2016-03-03 11:26:00

Интернэтээс өөрийгөө ихэнхдээ сайхнаар хардаг байлаа. Тэгсэн энэ удаа ичиж үхмээр муухайгаар олж харлаа. Бүүр яг бичжээ. Зөвхөн намайг бичсэнгүй монголчуудын нэлээдгүй хувийг биччихсэн байна.

Доорх тэмдэглэлд энэ Япон нөхөр их л хичээнгүйлэн зөөлрүүлж бичсэн байна. Түүнээс их эвгүй өнцгөөс нь хараад илүү ширүүн бичвэл ч манайхан бараг муу самуурай өөрийгөө хичээ гээд гэдийж мэдэх л байх.

Яг үнэндээ би ч тэр гудамжинд шүлсээ хаядаг хүмүүсийх нь нэг мөнөөсөө мөн юм. Тэгээд энэ хүний бичсэнийг уншаад энэ зуршлаа нэг мөр хаяхаар шийдлээ. Ганцаараа болих биш бусдыг ч бас энэ чиглэлд анхаарлаа хандуулаасай гэж хүслээ.

Бид өөрөсдийн хүч нөөцөөр эх орноо илүү сайхан болгох юмсан хэмээн байнга ярьдаг. Одоо л тэр боломж бүрдлээ. Хэн ч гудамжинд шүлсээ хаядаггүй эх орон гэдэг юутай сайхан билээ. Тиймээс тус бүртээ хичээгээсэй хэмээн доорх уриалгыг олон түмэнд хүргэхийг хүсэв.


- Хувь хүн бүр гудамжинд шүлс, нусаа хаяхаа больцгооё! Соёлгүй бүдүүлэг харагдахаас гадна эрүүл ахуй талаасаа ч нэн хортойг ойлгоцгооё!
- Гудамжинд дээрх ёс зүйгүй үйлдлийг гаргасан хэн нэгэнд шударгаар шаардлага тавьж, жигшиж байя. Мөн хамт яваа хамаатан садан, найз нөхөд тань ийм үйлдэл гаргавал нэрэлхэж, санаа зоволгүй шууд шүүмжилцгээе!
- Багш бүр шавь нартаа, аав ээж, эмээ өвөө болгон үр хүүхдүүддээ, ах эгч болгон дүү нартаа энэ үйлдэл нь бүдүүлэг муухай зүйл болохыг ой тоонд нь ортол ойлгуулцгаая!
- Хүн бүр нусны алчуур гэдэг зүйлийг зөв зохистой хэрэглэж сурцгаая!


За ингэж чадаж гэмээнэ бид жинхэнэ эх орончид болж илүү сайхан Монгол Улсыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм шүү.

Бүгдээрээ хичээцгээе! Энэхүү уриалгыг боломжоороо ШЭЭР хийж илүү олон хүнд уншуулцгаая!

Хүндэтгэсэн Анжигай


Энэ бол япон тамирчны бидний тухай бичсэн тэмдэглэл бүрэн эхээрээ.

Аяако Кимура: Яагаад Монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ?


Япон хүн миний хувьд бол Монголын өвөл их хүйтэн хэцүү байдаг. Сурч дассан монгол хүнд ч бас амаргүй. Гудамжаар захаа босгосон хүмүүс халтиргаатай замаар уначихгүйг хичээн аажуухан алхана. Түүнээс гадна Монгол нутгийн өвөл ойртох бүр гадаадын хүн миний хувьд тун их сэтгэл зовоодог нэг муухай юм бий. Тэр бол монголчуудын нус, цэр. Гадуур яваа хүмүүс хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаар хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй хүн бүр ингэнэ. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна. Гэхдээ өвлийг бодвол урин цагт аюул нь бага.

Яагаад монголчууд нусаа ийм сүрхий техниктэй нийж чадна вэ. Хавар болсон олон улсын бөхийн тэмцээний үеэр Монголын нэг тамирчин өөрөөсөө метр гаруй зайтай байсан хогийн сав руу нусаа маш мэргэнээр нийж оруулсан билээ.  Тэгэхэд нь, үзэгчдийн суудалд сууж байсан би болон миний ойр зэрэгцэн суусан Хойд Солонгосын тамирчин, Ираны бөх, бид гурав түүнийг хараад ёстой л мэл гайхан, цэл хөхөрч билээ. Нус, цэрнээс гадна шүлсээ хаяхыг ёстой үзүүлээд өгнө. Нусаа гудамжинд нийж хаях гэгч Монголын уламжлалт ёс заншил юм уу ч гэж заримдаа бодмоор юм. Миний хувьд шүлс хаях тун муухай санагддаг бөгөөд нус, цэр бол түүнээс бүр ч муухай, соёлгүй санагдана. Энэ тухайгаа нэг танил монгол хүндээ хэлсэнд тэрбээр “Монгол ч бас гайгүй. Чи Хятадад очиж үзсэн үү. Тэд бүр заваан” гэж билээ. Англид байхдаа монгол хүнтэй хамт гадуур явж байтал нөгөө монгол маань сурсан зангаараа нусаа хүржигнүүлэн нийж хаядаг юм байна. Би тэгэхэд нь туйлгүй их ичиж түүнийг загнасан.

Англичууд бидний аль нь монгол, аль нь япон гэдгийг сайн ялгахгүй учраас бүгдийг маань япон хүн гэж бодсон бол түүн шиг харамсалтай юм яаж байх вэ. Эсвэл бүгдээрээ Монголчууд гэж бодсон ч байж болно. Дассан, сурсан зүйлийг тийм амархан больж чадахгүй. Хэчнээн хичээвч нэг л мэдэхэд нөгөөхөө хийчихсэн байж мэднэ. Тэгэхдээ буруу муухай зүйлийг заавал болих хэрэгтэй. Монголчууд өөрсдийхөө хээгүй зангаар бахархдаг. Зөв зүйл дээр ингэж болно.

Монголчууд сүүлийн жилүүдэд гадаадын олон орноор очих болсон. Тэгээд гадаад орны гудамжинд нус, цэрээ хаяж эх орныхоо нэрийг гутаах вий дээ гэж миний сэтгэл тун зовох юм. Уул нь надад нэг их хамаатай биш дээ. Гэхдээ л зарим нэг монгол хүний дургүйг хүргэхгүй байж чадахгүй нь ээ. Бас сүүлийн үед Улаанбаатарыг гадаадын зурагтаар харуулах боломж ихэслээ. Япончууд ч зурагтныхаа өмнө суугаад, монголчуудын нус, цэрээ хаях “гайхамшгийг бишрэн байж” магадгүй. Дэлхий харж байхад хүн бүр эх орныхоо нэр төрийн төлөө хичээнгүйлэх хэрэгтэй бус уу.

Нийтэлсэн: Анжигай

Түй гэхээ байчихъя л даа   
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-03-03 13:38
torgoh juram garsan gej sonsood shulsee hayahguig ih hicheeh bolloo. Sursan yumiig suraar booh ih hetsuu yum. Neg l medehed shulsee tsugluulchisan hayah geed baij baih. Tegeed l oiriin hogiin sav ruu guine dee. Gehdee heseg hugatsaanii daraa surah baihaa. Soyoltoi baihiin toloo uragshaa zaluusaa

Бидэнтэй нэгдээрэй