
Европын холбоо дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэх зорилгоор 700 сая еврогийн сан бүхий хөтөлбөр санаачилсан байна. Өнгөрсөн онд Европ тивд 1 сая гаруй цагаач дүрвэгч очсонтой холбогдуулан дүрвэгчдийн цувааг хязгаарлах зорилгоор зарим орон хилээ хааж, мөн хил дээрх хяналт шалгалтаа чангатгаж, хүлээн авах цагаач дүрвэгчдийнхээ тоог эрс бууруулсан. Үүнээс үүдэн дүрвэгчдийн дамжин өнгөрдөг Шенгений бүсийн эхний орнууд, тэр дундаа Грект дүрвэгчдийн бөөгнөрөл үүсээд байгаа юм.
Иймээс Европын Комисс олон тооны цагаач дүрвэгч хүлээн авсан гишүүн орнууддаа хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэх зорилгоор жил тутмын 155 тэрбум еврогийн төсвөөсөө энэ онд 300 сая евро, харин дараагийн хоёр жилд тус бүр 200 сая еврог яаралтай тусламжийн санд төсөвлөх санал гаргасан байна. Хэрэв энэ санал батлагдвал НҮБ болон Европт үйл ажиллагаа явуулж байгаа бусад хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран хүлээн авсан дүрвэгчдийн тооноосоо үүдэн хүмүүнлэгийн хямралын ирмэгт тулж ирсэн Европын холбооны орнуудад тусламж үзүүлэх юм байна.
Энэ хүрээнд дүрвэгчдэд түр орогнох байр бэлтгэх, эмнэлэгийн болон бусад үйлчилгээгээр дүрвэгчдийг хангахад дээрх хөрөнгийг голлон зарцуулах юм байна. Грек одоогоор 25 мянга орчим цагаач дүрвэгчийг нутаг дэвсгэртээ орогнуулж байна. Македон улс Гректэй залгаа хилээ хааснаас үүдэлтэйгээр хоёр орны хил дээр 12-15 мянган дүрвэгч гацсан байгаа юм. Эдгээр хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн даруй шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна. Иймээс Европын Комиссын тусламжийн сангаас хувь хүртэх эхний орон Грек улс байх төлөвтэй байгаа юм. Европын холбоо дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд жил бүр 1.1 тэрбум еврог төсөвлөдөг. Харин энэ удаагийн тусламжийн санг дээрх төсвөөс тусад нь бүрдүүлнэ гэдгийг Европын Комисс онцолж байна.
Европын холбоо гишүүн орнууддаа 700 сая еврогийн тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.