
МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж буй хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан зул” наадмын нээлт өчигдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Анх удаа зохиогдож буй дээрх наадамд энэ жил 200 гаруй уран бүтээлч, 311 дуугаар өрсөлдөж байна. Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг, Дорноговь, Баянхонгор, Архангай зэрэг 17 аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч тус наадамд оролцоно.
Наадамд оролцох бүртгэлийг хоёрдугаар сарын эхээр зарлаж, энэ сарын 7-нд хаасан бөгөөд ялагчид ирэх тавдугаар сарын сүүлчээр тодорно. Шагналын сан 25 сая төгрөг бөгөөд түрүүлсэн уран бүтээлийн эзнийг 10, хоёроос зургаадугаар байр эзэлснийг тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ. Оролцогчид дуугаа бүрэн бичүүлж, CD-нд хуулж шүүгчдэд ирүүлсэн байна. Гэхдээ шүүгчдийг одоогоор нууцалж байгаа ч Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос томилсон аж. Тиймээс мэргэжлийн хамт олон хамгийн чанартай бүтээлийг шударгаар тунгаах нь гарцаагүй.
Хамгийн гол нь үүнд оролцож буй дууны шүлгийн сэдэв, хөгжмийн найруулга, дуулалт давтагдахгүй байх шаардлагатай аж. Наадмын төгсгөлд эдгээр уран бүтээлийг МҮОНРТ-ийн урын санд хадгалах юм байна.
Олон улсын жишигт хүүхдийн дууг 0-8, 9-13, 14-16 насны ангилалд тохируулан зохиодог. Энэ наадам ч дээрх зарчмаар зохион байгуулагдаж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн шүлэг, хөгжмийн зохиолч У.Дамдинбаярын хөгжим “Бүхий олон багачууд” дууг МХО-ны сурагчид дуулж, үзэгчдэд сонирхуулсан юм. Энэхүү дуу 1920-1950 оны үед зохиогдсон шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Мөн 1950-1970, 1970-1990, 1990-2000, 2000-2010, 2010 оноос өнөөдрийг хүртэл зохиогдсон “Маамуу нааш ир”, “Тагтаа”, “Тоогүй ч юм болов уу даа”, “Гэгээн өглөө сайн байна уу” зэрэг сонсогчдын сэтгэлд хамгийн тод үлдсэн бүтээлийг эргэн сануулах зорилгоор эгшиглүүлсэн юм. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.
МҮОНТ-ийн захирал Л.Ариунбат: Энэ наадамд оролцсон дуу олон зуун хүүхдэд сурах бичиг болж үлдэнэ
-Багадаа дуу дуулж өсөөгүй хүн бараг байхгүй. Жишээ нь, “Маамуу нааш ир” дууг манай ахмадууд ч сайн мэддэг. Дууг би эрдэм, сурах бичиг гэж ойлгодог. Хүүхдүүдэд зориулсан энэхүү наадмаа бид олон арван хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучинтай хамтарч хийж байна. Бүх дүүрэг, ихэнх аймаг, ӨМӨЗО-ны уран бүтээлчийн нийлсэн 200 гаруй уран бүтээлч дуутайгаа ирсэн нь хүүхдийн дууны уран бүтээлд ямар их сэтгэл гаргадаг нь харагдлаа. Үүнээс ажиглахад энэ наадам уламжлал болон жил бүр зохион байгуулагдвал олон улсын чанартай болох шинжтэй. Дуугаар хүмүүжээгүй, амьдралын сайхныг таниагүй хүн ховор учраас энэ жил ямартай ч 300 гаруй гэгээ цацарлаа. Гэхдээ энэ тоо манай улсын хүүхдийн талаас бага хувьд хүрнэ. Иймд цаашид улам олон болох байх гэдэгт итгэж байна. Түүх нэг өдөр бичигддэггүй. Бид энэ жил энэхүү наадмаа зохиогоод өнгөрлөө ч хэзээ нэгэн цагт үүнд оролцсон бүтээл олон зуун хүүхдэд сурах бичиг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Шилдэг уран бүтээлч олноор оролцож байгаа нь энэ наадмыг чимэхээс гадна улам өрсөлдөөнтэй болгоно.
Ш.Гүрбазар: Сэтгэл бүлээсгэж, аманд хүлхэгдэх олон сайхан дуу төрөх нь
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч
-МҮОНРТ маш сайхан арга хэмжээг санаачилсан байна. Хүн амаараа залуучууд олонтой манайх шиг улсад хүүхдийн дуу олноор төрөх нь сайн хэрэг. Нэг сонин зүйл хэлэхэд, одоогоос 47 жилийн өмнө би Монголын пионер сурагчдын улсын уралдаанаас алт, мөнгөн медаль хүртэж байв. Тэр медалиа бэлгэшээгээд өчигдөр зүүж очоод хөтөлсөн. Энэ наадмаас олон сайхан дуу төрөн гарах нь гарцаагүй. Тэгээд ч сүүлийн үед хүүхдийн дууны уран бүтээл багассан тул энэ арга хэмжээ зохиогдох шалтгаан болсон болов уу. Хүүхдүүд сэтгэлдээ бүлээцүүлж, амандаа хүлхэж явах дуу олноор нэмэгдэх болсон нь ямар сайхан хэрэг вэ. Миний үеийнхэн бага насандаа “Маашуу нааш ир”-ийг, дунд насандаа “Багшдаа”-г сонсч, дагаж дуулж явсан. Хүмүүжилд ч маш их нөлөөлсөн. “Сансрын нисгэгч ах аа сайн яваад ирэв үү” гээд эгшиглэхээр миний нулимс гарах гээд байдаг. “Цэцэг” хамтлагийн дуучин Батболд өнөөг хүртэл “Миний ном” дуугаараа ард түмэндээ хүндлэгдэж байна. Тэр үүнээс өөр дуу дуулах шаардлага байхгүй мэт болсон. Дуу гэдэг ийм л буянтай зүйл.
В.Долгор: Цагаа олсон наадам болж байна
Монгол Улсын гавьяат жүжигчин
-Хүүхдийн дууны уран бүтээл хийдэг миний хувьд энэ сайхан наадам зохион байгуулагдаж буйд хачин их баяртай байна. 1940 оны үед хүүхдийн дуу манай улсад хуруу дарам цөөхөн байлаа. Харин 1950 он гарснаар чамлахааргүй арвижсан. Тэр оны дунд үеэс би “Маамуу нааш ир” дуугаа дуулж, өнөөдөр 60 дахь жилтэйгээ золгож байна. Гэхдээ сүүлийн үед хэдэн настай хүүхдэд зориулагдсан дуу яваад байгаа нь мэдэгдэхээ байлаа. Шүлгийнх нь утга санаа ч өөр болж. Ийм үед энэхүү “Алтан зул” наадам зохион байгуулагдаж байгаа нь цагаа олсон үйл явдал болж байна.
С.Оюун: 1990 оноос хойш хүүхдэд зориулсан арга хэмжээ хойш тавигдсан
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч
-Хүүхдийг хүмүүжүүлдэг хамгийн их ач холбогдолтой зүйлүүдийн нэг бол дуу. Зах зээл гарснаас хойш зөвхөн хүүхдийн дууны уран бүтээл ч биш, хүүхдэд зориулсан арга хэмжээ бүхэлдээ хойш тавигдсан. Манайхан хүнийг хүн болгоно гэж ярьдаг. Зөв хүн болгох хамгийн том хөшүүрэг бол хүүхдийг багаас нь урлагийн мэдрэмжтэй болгох. Тэгж гэмээнэ бусдыг хайрлах зөөлөн сэтгэлтэй, тусархуу, тохитой болж төлөвшүүлдэг. 1990 оны эхэн үед хүмүүс хүүхдээ боловсролтой болговол хүмүүжилтэй болгочихлоо гэж боддог байсан. Энэ бол өрөөсгөл ойлголт. Сүүлийн үед хүүхдийн дууны уран бүтээл орхигдож байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Тодруулбал, хүүхдийн дуугаар зонхилж уран бүтээл туурвидаг дуучин ховордсон. Ихэвчлэн нийтийн болон рок поп дуу дуулж, арилжааны талд анхаардаг болсон. Үүнийг дагаад зохиогчид нь ч цөөрлөө. Эдгээрээс хамгийн том шалтгаан нь хөрөнгө. Нэг дуу бүрэн хэмжээгээрээ төрөхөд нэлээн өндөр зардал гардаг бололтой. Хэрвээ энэ бүхэн бүрдвэл сайн бүтээл төрнө. Тэгээд ч өнөөгийн хүүхдүүдийн үзэж байгаа кино ямар их гүн утга агуулгатай болов оо. Зохиолч бид тэр киног нь давсан дуу төрүүлэхгүй бол тэд хүлээж авахгүй.
Ж.Шараа: Уламжлал байж гэмээнэ аливаа зүйл оршин тогтнодог
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч
-Хүүхдийн дууны наадам зохион байгуулагдаж байгаа нь сайхан хэрэг. Дууны уран бүтээлээр дамжигдаж хүүхэд хүмүүждэг. Тиймээс энэ наадмыг зохион байгуулагчид нь жил бүр уламжлал болгоосой. Сүүлийн үед хүүхдүүд ихэвчлэн гадаадын дуу дуулах болж. Би 1964 онд хүүхдийн дууны уран бүтээлд хөл тавьж, дараа жил нь “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаа зохиосон. Гэтэл өнөөг хүртэл өглөө бүр эгшиглэж байна. Хүүхдийн дууг төрүүлэх амар биш. Насанд нь тохируулж, ая дан, шүлэг бичнэ гэдэг маш их мэдрэмжийн асуудал. Орчин үеийн зохиолчид уламжлалаа жаахан орхигдуулаад байгаа нь ч надад таатай санагддаггүй. Тэгэхээр эрлийз болгочиж байгаа юм. Уламжлал байж гэмээнэ аливаа зүйл оршин тогтнодог.
Хүүхдийн дууны “Алтан зул” наадам нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 4259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.