Шууд Chart

"Үлгэрийн баатрууд амилсан нь" гэж...

2016-03-14 14:17:40

Биднийг бага байхад ийм нэртэй нэг кино гардаг байлаа. Аймшгийн агуйгаас хэсэг нөхөд амилж, амьдрал дунд орж ирээд самарч өгнө. Орчин үеийн хөгжлийн өчүүхэн ч ойлголтгүй мань нөхдүүдийн атгаг, хорон санаа гэж найгүй л дээ. Шүүр унаж нисдэг шулам гуай тоос сорогч унаад ниснэ шүү дээ. Бидний үеийнхэн ерөнхийдөө шулам энэ тэрийг кино, үлгэрээс л хардаг байлаа. Гэтэл одоогийн хүүхдүүд үнэн "азтай" юм. Шулам, мангасуудтайгаа бараг л хамт амьдарч байна. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн шулам, мангас бас бус үлгэрийн баатрууд байж байна шүү дээ.

Дүйвээн нь дуусаагүй байгаа нэгэн үйл явдал нэг эмэгтэйг хоолноос нь өөрийн хүсэлтээр салгаснаар өндөрлөж байх шиг байна. Өндөрлөх ч юу байх вэ. Би чамд хайртай кинон дээр гардагчлан "одоо л бүх юм эхэлж байна".

"Ямар ард түмэн байна яг тийм л төр засаг байдаг" хэмээх агуу үгний бас нэг хувилбар нь "Ямар ард түмэн байна яг тийм л сэтгүүлзүй байна" гэчихвэл буруудахгүй.

Миний харж байгаагаар манайханд байгаа хамгийн том сул талуудын нэг нь өөрийн гэсэн тархины шүүлтүүргүй болсонд байх шиг.

Хэн нэг хүн ямар нэг зүйлийн өнцгийг нь гаргаж ирээд ийм л муухай зүйл байна шүү дээ хэмээвэл түүнийг нь шууд өлгөж аваад л нийгмийн шаар, ангийн дайсан, адгийн новш гээд харааж өгнө. Зургийг бүтнээр нь харвал түүний цаана илүү сайхан зүйл байх болов уу гэж хэн нь ч төсөөлөхгүй. Бүүр "энэ нэг зүйлийг муулахгүй бол хүмүүс намайг эргүү гэж бодно" байх гэж бодсондоо ч чичрэн дайрч байгаа нөхөд масс нь гэчихвэл хилсдэхгүй.

Эсрэгээрээ ямар нэг хүн сайхан үг хэлээд, сайхан зүйл яриад явбал нийтээрээ дагаад намирчихна. Цаана нь ямар ч том хумсаа нуусан муур байгааг тооцохгүй, нягтлахгүй. Тэрнийхээ гайгаар хэд хэдэн томчууд өнөөх нэр муутын гишүүн болоод "од" болон гялалзаж олон түмний хараалын бай болж байх жишээний.

За тэгээд өнөөх сэтгүүлзүйн од болсон нөхдүүд нь нэгэнт барьсан хулганаа тавьнаа ч нэг байхгүй хамаарах, хамаарахгүй бүх зүйлийг нэмээд л овоолоод байна. Заримдаа ч өнөөх муулаад байгаа зүйлээ рекламдахаар мөнгө авчихсан юм болов уу гэж хардтал бужигнуулна. Хаа хамаагүй ном, зураг, бичлэг бүх зүйлийг өнөөхтэйгээ холбож байгаад балбаж гарна. Эсэргүүцэж байгаа хүн болгон бас л өнөөхийн хамсаатан болон "хэлмэгдэх" хувь заяатай.

Эрүүл ухаанаар сэтгэн дүгнэлт хийсэн нөхдүүдийг эргүү минь чи сохорсон байна, наад нүдээ нухаад, шилээ зүүж байгаад ахиад хар гэнэ. Тэгсэн ч гэсэн л өнөөх ХААН маань нүцгэн байгаа нь үнэн шүү дээ. Тэрийг үл тоон бүгд л ухаантай хүнд харагддаг хувцсыг нь олж хараад байхаар өөрийгөө тэнэг болчихов уу хэмээн сэжиглэх үе ч гарах юм. Ийм байхад хэн ч биднээр хүүхэлдэйн жүжиг тоглуулахыг бодно, бид ч хүссэнээс нь илүү гартал тоглоод, дахиулаад урамтай гэж жигтэйхэн ард түмэн юм.

За тэгээд нөхөд минь юм болгон хоёр болон түүнээс олон талтай байдгийг санаж өөрийн гэсэн ухаанаар ямар нэг зүйлд шүүлтүүртэй хандаж сураарай даа. Эс бөгөөс циркийн амьтан шиг хэсэг бүлэг амилсан "Үлгэрийн баатар"-уудын тоглоом болоод л өнгөрөх нь байна шүү дээ.

Зүгээр л өндрөө авч байгаа бүх зүйлс өнөө жилийн сонгуулийн ямар нэг өнгөтэй ПиАр, нэг бол өнгөрсөн ямар нэг том зүйлийг дарах гэсэн өнгөлөн далдлалт гээд ядаж сайн тогтоод харчихаж бай.

Эцсийн эцэст эрүүл сэтгэлгээ, шударга байдал л ялдаг шүү дээ.
Гүйцээ...

Нийтэлсэн: Анжигай

"Үлгэрийн баатрууд амилсан нь" гэж...   
Үзсэн: 2343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 07:35
Зориулалт нь яг юунд чиглэв? Ерөнхийлсөн тойруулаад л хэний ямар нийтлэлээс болоод санал хэлсэн юм бол доо. Баттай нотлогдсон 2016 оны нийтлэлүүд одоогоороо л шүүхээр эцэслэгдээгүй санагдана
220.79.193.xxx [220.79.193.xxx] 2016-03-15 23:38
ug n ih engiineer bodvol eruul bus uildliig zuv gej helj bna hemeen oilgoh uu. yaag yug n umuuruud bgaan boldoo. hervee hudlaa zuiliig unen meteer yariad bgaan bol shuud helchihee. ter n deer, toiruulj umuuruud yugaa hiihev. ...
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2016-03-15 13:28
Zuw bichsen bna. Nileen bodoj, tungaaj suuritai bichsen bna shuu. Amjilt. Ahiad sain bicheed bgaarai

Бидэнтэй нэгдээрэй