Шууд Chart

Үнэнч байсныхаа төлөө яагаад адлуулах гэж...

2016-03-23 09:54:35

Сүүлийн үед манайхан учрыг нь олоогүй байж бүх зүйл рүү масс /магадгүй зохион байгуулалттай компанит ажил гэж ч ойлгож болно/-аа даган өөрсдийн үзэл бодлын шүүлтүүргүйгээр хуйлардаг болсон тухай өмнөх нийтлэлд дурдсан билээ. Тэгээд үүнийгээ нэгэн болсон явдал дээр тулгуурлан тайлбарлахаар шийдлээ.

Сүүлийн үед ямар нэгэн нам болон шашнаа өмөөрсөн хүмүүсийг "бөгс долоогч", "бялдуучлагч", "ертөнцийн шившиг" бараг л Монголоос зайл хэмээн шуурдаг боллоо. Магадгүй зарим нь үнэхээр л учраа мэдэхгүй тэр далдайгчийг нь хийдэг л байлгүй. Хамгийн гол нь бүгд тийм биш гэж хэн ч бодохгүй байна. Улс төрийн болон шашны оюун санааны итгэл үнэмшлээ хамгаалсныхаа төлөө тэр хүн АДЛАГДАХ ёсгүй юм шүү дээ.

Эртний түүхээ харахад эзэн хаанаа барьж ирсэн Жамухын шадруудыг Чингис хаан цааш харуулж байсан. Харин эзэн дээдсийнхээ төлөө амь насаа золихоос үл буцсан нэгнийг өөрийн шадар болгон авч байсан. Энэ нь тэр агуу хүн оюун ухааны итгэл үнэмшлийг АГУУ хэмээн үнэлж байсны бодит жишээ биз ээ.

Би скаутын удирдагч хүн. Олон жил Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг зөв, сайн иргэн болгохын төлөө тууштай явсны эцэст энэ салбарынхаа хамгийн дээд цол зэрэгт хүрч чадсан юм.

Миний шавь нар бүх л нам, шашинд өөрийн оюун санааны итгэл үнэмшлээ өргөөд явж байна. Би бүгдийх нь итгэл, сонголтыг хүлээн зөвшөөрч, бахархаж явдаг. Би тухайн улс төрийн хүчин болон шашныг дэмждэг эс дэмждэгээс үл шалтгаалан шүү. Тэд маань ч хар багаасаа скаутын хөдөлгөөнөөр дамжин аливаа бэрхшээлийн үед асуудлыг биш гарцыг хайж, баг хамт олныхоо өмнө хүлээх хариуцлага, үүргээ асар сайн ухамсарлаж өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулах чадварт суралцсан тул байгаа community бүрдээ өөрийн гэсэн орон зайтай болжээ.

Гэтэл яагаад би хэн нэгнийг нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байсны төлөө буруутгах ёстой гэж. Өнөөх олон урьгалч үзлийг хөхиүлэн дэмжигч АРДЧИЛАЛ-аа яах юм. 

Ухаандаа нэг компанид ажиллаж байгаа залуу хүн компаниа цаг хугацааны асуудалд орох үед нь арай илүү аргаа олж байгаа хөрш рүүгээ урвахыг хүлээн зөвшөөрөхтэй адил хөгийн явдал юм шүү дээ. Би л хувьдаа тэр залуу хүн компанийнхаа алдаанд дүгнэлт хийж, түүнийг нь засаад хүндэрлээс гарах гарцыг олж харж, илүү сайн төсөл санаачилж түүнийгээ бодит байдал болгохын төлөө зүтгэхийг илүүд үздэг.

Гэтэл миний скаут мастер болоод анхлан үүсгэж байсан бүлгүүдийн маань нэг "Мандахнаран" /Майн Ридийн Оцеолла баатрын нэрний орчуулгаас санаа авсан/ бүлгийн хамгийн идэвхтэй гишүүн байсан Erdenejamiyan Erdenebileg-ийг үзэл бодол, өөрийн намдаа үнэнч байж асуудлаа дэлгэх үедээ сэтгэл хөдлөлөө бариагүйн төлөө хүн болгон доог, тохуу хийж байгаад би л хувьдаа харамсч байна.

Яагаад хэвлэлийн бага хурлын гол агуулгыг бус хэн нэгний нулимсны тухай хашгичиж, нийгмийн өмнө мэдээллийг ард түмэнд үнэн зөв, бодитоор түгээх ёстойгоо биелүүлээгүй хэвлэл мэдээллүүдийг шүүмжилсэнгүй вэ.

Магадгүй тэдгээр хүний олонх нь өнөөх л асуудалтай газрыг орхин үзэл бодлоо эвлүүлдэг шооны талууд мэт хялбар сольж чадах эртний хэллэгээр "Тугалган жад" мэт нөхөд буй за.

Би МАХН-ыг дэмжигч биш боловч залуу хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч байхыг тууштай дэмжигч юм.

Магадгүй хэн нэг нь тэдний нам, намын удирдагч нь бла бла гэх л байх. Би тэдний намын тухай биш залуу хүний итгэл үнэмшилдээ үнэнч байх, түүнийг нь хүндэтгэх тухай ярьж байгааг ойлгоорой.

Хэрэв бид өөрийн таалдаггүй үзэл бодолд үнэнч байгаа бүхнийг үзэн ядаж харлуулах аваас бидний ирээдүй ямар болж хүмүүжих вэ. Бид яаж оюун санааны удирдагчидтай болох вэ. Оюун санааны итгэл үнэмшил уланд гишгэгдэх үед бид яаж ариун нэр төр, хүн чанарыг ярих вэ?

Сайн хичээнгүйлэн бодоорой.

Та бүхнийг ч гэсэн миний бичсэн энэхүү нийтлэлийг уншаад үнэхээр бид хэдхэн зохион байгуулалттай хүмүүсийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд явуулж байгаа давалгаанд хөвөгч болчихоод байгаа юм биш биз хэмээн тунгаахыг хүсч байна.

Хүндэтгэсэн Анжигай.

Нийтэлсэн: Анжигай

Үнэнч байсныхаа төлөө яагаад адлуулах гэж...  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй