
Дуучин А.Анхбаяр гэргий Б.Чанцалдуламын хамт энэ сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд “Цаг сэлгээтэй” хамтарсан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тоглолтын талаар А.Анхбаяртай ярилцлаа.
-Өвлийн хүйтэн ард үлдэж, урин хавар айлчлав. Ёстой л таны дуулсанчлан цаг сэлгээтэй гэдэг энэ байх даа?
-Ирж яваа цаг гэдэг ийм л сайхан. Хүн бүхний сэтгэл иртэй мэс шиг торгон мэдрэмжээр хөглөгдчихсөн байгаа биз дээ. Тиймээс би энэ удаагийн тоглолтоо “Цаг сэлгээтэй” гэж нэрлэсэн юм. Үүнийг утгачилвал олон санаа агуулагддаг. Таны ярьж байгаа шиг цаг хугацаа өөрчлөгдөж буйг, морь сэлгэж унахыг ч хэлж болно. Хайрын тухай энэхүү дууны маань бадагт:
... Чиний цэвэр харц зүрхийг минь авлана аа
Цээжээрээ чамтайгаа хайман бэтгэнэ ээ
Хайртай хайртай өдрүүд нисээд л ирнэ ээ
Хаалгад намайг дуудна аа ... гээд Халимагийн хөгжмийн зохиолч А.Манджиев бичсэн байдаг.
-Та түүнтэй хэрхэн холбогдож, бүтээлийг нь Монголынхоо үзэгчдэд хүргэх зөвшөөрөл авав?
-2011 онд би нутгийнхаа бизнесмен н.Бат-Амгалан ахтай хамт явж, Увс аймагт аялан тоглолт хийсэн юм. Тухайн үед тэр ах машиндаа ихэвчлэн халимаг дуу сонсож байлаа. Тэгэхээр нь би “Ямар гоё дуунууд яваад байна аа” гэсэн чинь “Ахын дүү энэ дуунуудаас сонгож, дуулж болно шүү. Би Халимагийн Ерөнхийлөгч, уран бүтээлчтэй дотно нөхөрлөдөг. Ах нь холбож өгч чадна” гэсэн юм. Ингээд л би тун удалгүй А.Манджиев ахтай уулзаж, дээрх дууг дуулах зөвшөөрөл авсан даа. Тэр хөгжмийн зохиолч манайхаар бол Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай л гэсэн үг. Улсдаа их алдар, нэр хүндтэй. Саяхан тэр хүн Чингисийн талбайд өөрийн тайлан тоглолтоо манай ард түмэнд өргөн барихдаа өөрөө энэхүү “Цаг сэлгээтэй” дуугаа дуулсан. Түүнийг ирэхээс өмнө Б.Чанцалдулам бид хоёр энэ дууг дуулаад, нийтэд түгээсэн байсан болохоор үзэгчдэд ч танил байх шиг байна билээ. А.Манджиев гуайд ч үзэгчдийн тэр байдал таалагдсан гэсэн.
-Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан Халимагийн “Төрлүүд минь”, “Насандаа чамдаа дуртай” зэрэг бүтээлийг дуулсан. Ер нь манай дуучид дээрх улсын бүтээлийг яагаад ингэж сонгож дуулаад байна вэ?
-Сонсогчид халимаг дууны ритмийг сонсоод дагаж дуулмаар болдог. Энэ улс 500 гаруй жилийн өмнө Монгол Улсаас өрх тусгаарласан ч нутгаа их санадаг юм билээ. Биднийг очиход тосч ирж гар бариад “Монголчууд минь ирж байна, ямар сайхан юм бэ. Бид та бүхэн рүү цай, сүүнийхээ дээжийг байнга өргөдөг. Монголоос сайхан залуу ирвэл үр удмыг нь ч болтугай авч үлдэх юмсан гэж боддог” гээд гар үнэрлэж хүртэл үзэж байсан. Миний хувьд тэдэнтэй ураг төрөл болж чадахгүй ч төрүүлсэн дууг нь хүүхэд шигээ нандигнаж явахыг бодож, дуулж явна. Ер нь би бүх ястныхаа дууг дуулахыг хүсдэг.
-Олон ястны дууны хэллэг харилцан адилгүй. Сурах явц хэр хүндрэлтэй байдаг вэ?
-СУИС-д сурч байхад багш нар маань Герман, Итали улсын дуунаас эхлээд Буриад, Казахстан үндэсний дууг заадаг байлаа. Тиймээс надад Халимаг дууг сурахад нэг их хүндрэлтэй байгаагүй. Харин гэргийд маань жаахан хэцүү байсан ч амархан сурсан. Тухайн дууны утга санаа, улсынх нь орчныг судлахаар бүр амархан болсон.
-Та бие даасан тоглолтоо хоёр удаа “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулсан. Харин энэ удаагийнх юугаараа онцлог болох вэ?
-Гэргий Б.Чанцалдулам бид хоёрын хамтарсан тайлан тоглолт болох гэж буйгаараа онцлог. Өмнө нь “Алтан туурайт ажнай”, “Учрал холын чамтайгаа” тоглолтоо би зөвхөн ганцаарчилж хийсэн. Мөн миний зохиосон дууг бусад уран бүтээлч дуулсан байдаг. Тоглолтын маань зохион байгуулагчаар “Face” студийн захирал С.Жаргал, “Бодол шиг” студийн захирал, яруу найрагч Н.Баянмөнх нар хамтран ажиллаж байна.
-Энэ удаагийн тоглолтод тань урилгаар хэн, хэн оролцох вэ?
-Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Батбаяр, У.Далантай, дуучин Э.Төрмандах нарын зэрэг дуучид миний зохиосон дууг дуулна. Мөн манай гэр бүлийн хүн ээждээ зориулж “Ээждээ” нэртэй сайхан шүлэг бичиж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багшаар хөгжмийг нь бичүүлсэн юм. Тэр дуугаа ганцаарчилж дуулна.
-Нийтийн дуучид бие даасан тоглолтоо нийслэлд зохион байгуулчихаад орон нутаг руу аялан тоглохоор явдаг. Та хоёрт тийм бодол байна уу?
-Байгаа. Нөгөөдөр болох тоглолтынхоо маргааш бүх аймагт зочилж, тоглох аялан тоглолтынхоо талаар багийнхантайгаа ярилцана. Би хоёр жилийн өмнө эх орноо нар зөв тойрч, аялан тоглох бодолтой гарсан. Гэвч 17 аймаг, 200 гаруй суманд тоглосон. Их хугацаа шаардагдсан болохоор амаргүй юм билээ. Тиймээс бид энэ удаа зөвхөн аймгийн төвүүдэд тоглохоор төлөвлөсөн.
-Сүүлийн үед ая зохиов уу. Нэг хэсэг морины тухай уран бүтээл хийсэн?
-Оюутан байхаасаа л морины тухай уран бүтээл хийх юмсан гэж боддог байлаа. Тэгээд яруу найрагч Н.Баянмөнх ахад “Та нэг сайхан морины тухай шүлэг бичээд өгөөч. Би ая хийх гэсэн юм” гэхэд “Үгүй” гэж хэлээгүй ч өөр, өөр хүний шүлэг авч ирж өгч байлаа. Тэгж тэгж хоёр жилийн дараа буюу 2012 онд Э.Төрмандахын дуулсан “Аархал” дууны шүлгийг “Панз Лхагваа” нэртэйгээр ирүүлсэн. Түүнээс хойш маш олон яруу найрагч надад шүлгээ өгөхдөө “Аархал шиг дуу хийлгэмээр байна” гэж ирсэн. Одоогоор миний ая хийсэн морины тухай 20 гаруй уран бүтээл бий. Нэг сэдэвтэй олон шүлгэнд ая хийхээр агуулга нь давтагдчих гээд байх талтай ч би аль болох өөрчилдөг. Тэгээд ч морины тухай дуу найр наадамд түлхүү явдаг. Тиймээс би сүүлийн үед өөр сэдэвтэй шүлгэнд ая хийж байгаа. Хамгийн сүүлд бурхан болооч Г.Баярын шүлгээр бүтсэн “Хайрын совинтой бороо” дуун дээр ажилласан. Тун удахгүй нийтийн хүртээл болгоно оо.
А.Анхбаяр: Би бүх ястны дууг дуулахыг хүсдэг | ||
Үзсэн: 4168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.