Шууд Chart

IV форумаас төрсөн хоёр дахь тэмдэглэл

2013-10-03 12:55:50

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 4 дүгээр форум цахим мэдээллийн хэрэгслийн эргэн тойрон дахь асуудлыг хэлэлцсээр өндөрлөсөн. Яг энэ үеэр Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвийн судалгааны дүнгээр БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо 564 саяд хүрсэн мэдээлэл Хятадын хэвлэлүүдээр цацагдсан юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээсээ 51 сая орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм байна гэж би ойлголоо.

Ингээд форумаас төрсөн тэмдэглэлээ /Яагаад төрсөн тэмдэглэл гээд байна вэ? гэхээр энэ бол аян замын тэмдэглэл бус, форумд оролцож явахдаа үзэж харсан зүйл дээр тулгуурласан харьцуулалт, шүүн тунгаасан эргэцүүлэл, Хятадын өнөөгийн бодит байдлыг монголчууддаа сонирхуулах гэсэн санаа юм/хоёр орны сэтгүүлчдийн чуулсан Бугат хотын талаарх зарим нэг сонирхолтой мэдээллээр үргэлжлүүлье. Манай уншигчид Бугатыг ерөнхийд нь аж үйлдвэрийн хот, газрын ховор элементийн орд газартай зэргээр нь сайн мэднэ.
Бид үр хүүхдийнхээ ирээдүйг алдаж байгаа бол Бугат хүүхдүүддээ ирээдүйг нь бэлэглэж байна
Энэ хотыг уг нь аж үйлдвэрийн хот гэдэг. Барьж бүтээж, босгож зөөж, хийж угсарч, ер нь л амрах зай талбай олдохооргүй, амьсгаа авах чөлөөгүй тийм нэг орчин баймаар. Гэвч эсрэгээрээ, манай нэг сэтгүүлчийн өмнө нь бичиж байсанчлан “Ухаалаг хот Бугатаас суралцах төдийгүй ухаарах зүйл ихтэй” юм. Уг нь ургамалжих хөрс муутай, газарзүйн таагүй байршилтай ч түүнийгээ шийдэж 2 сая 700 мянган хотын оршин суугчдаа ногоон байгууламж дунд гүн амьсгал авч, тааваараа амьдрах боломж бүрдүүлж өгчээ. Тиймдээ ч НҮБ-ын “Хүн төрөлхтөн оршин суухад хамгийн таатай хот” гэсэн шагналыг хүртсэн биз. “Хөх тэнгэр”, “Ногоон ус”, “Хөх уул”, “Нуга газар”, “Их тал нутаг” гэсэн таван төслийг хэрэгжүүлснээр ийм сайхан болсон гэх. Хотын тал нь ой, тал нь орон сууц. Тэгэхдээ хот дотроо хөдөөг байгуулчихсан. Бид хөдөөд хот байгуулах тухай л ярьж хэлдгээс бус хотын дотор хөдөө байж болно чинээ зүүдлэхгүй улс. Бугат хотын “Сайхан тал” хэмээх паркт ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны дарга, ноён Бай Юйган биднийг аваачсан. Хэдий үдэш болсон байсан ч гэсэн үүд хаалганаасаа эхлээд монгол хээ хуараар чимж, морьтой баатруудын хөшөөнүүд бүхий ногоон паркийг олж харсан билээ. Битүү модтой энэ парк 10 мянган га газартай гэх ба энд агаарт гарч байгаа хүн уг паркийг бүтэн тойрохын тулд 2-3 цаг явж байж дуусгана гэсэн юм. Энэ хот доторх хөдөөд буга сүрэглэн бэлчдэг, хэдэн зуун төрөл зүйлийн шувууд бий аж. Гэтэл манай Улаанбаатарт өнөөдөр агаар амьсгалах арван га битгий хэл арав алхах алга дарам ногоон газар ч олдохоо больсон билээ. Бид үр хүүхдийнхээ тоглоомын талбайг эрүүл мэнд, ирээдүйтэй нь метр квадрат болгоноос хэдэн зуун ногооны ашиг олохоор улайрдаг мөнгөнд хэт шунагчдад алдаж байгаа. Хятадын хаа ч очоод өндрөөс харахад сургууль бүрийнх нь гадна биеийн тамирын талбай 2-3 орон сууцны барилга барихаар талбайг чөлөөлөн баригдсан байх юм билээ. Ийм газрын хүүхдүүд эрүүл чийрэг өсч өндийж, олимп тив дэлхийд амжилт гаргахгүй гээд ч яах билээ. Гэтэл манайд бүхнээ булаалгаж, тоглох газаргүй, хөгжих зүйлгүй хоригдож хумигдсан хэдэн хүүхэд минь ханиад бронхит, халдварт шартай зууралдсаар өдөр хоногийг өнгөрөөж байгаад үнэхээр харамсаад барахгүй нь ээ.
Багажыг нь бэлдэж өгөөд, баялгийг нь тээвэрлэн авч баялаг бүтээж байна
Мэдээж, дэлхийд эдийн засгийн өсөлт, хурдаараа гүйцэгдэхээ больж эхэлж байгаа урд хөрштэй улсаа зүйрлэх хэцүү. Тэд дэлхийн хэмжээнд юм хийж, дэлхийн эдийн засгийг олон салбарт залж эхэлж байна. Гэсэн ч бусдын хөгжил дэвшил, ололттой биеэр танилцаж, нүдээр үзэн бахархаж явахдаа монголчууд маань нэгийг эргэцүүлж, хоёрыг санаж явах цаг иржээ. Өөрөөр хэлбэл, бид хөршөө элдвээр хэлж, муулж суух цаг ард хоцорсон байна, тэднээс сурч, зэрэгцэж хийж бүтээх цагийн өмнө тулж ирсэн байна.
Манай төлөөлөгчдийн Бугат хотод байхдаа очиж танилцсан нэг газар бол TEREX NHL компани юм. Энэ компанийг 1988 онд Хятадын Засгийн газрын 200 сая юаний хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд цэргийн галт зэвсэг, хүнд машин механизм, машин, төмрийн гэх мэт 9 салбар компанитай.
Өвөр Монголын North Hauler хувь нийлүүлсэн улсын үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай TEREX Equipment ХХК-тай хамтран ажлын хүнд нөхцөлд зориулагдсан уул уурхайн машин механизм, түүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлж энэ зах зээлд том байр суурь эзлэх болжээ. Тус компаний хувьцааны 36,01 хувийг ӨМӨЗО-ны North Hauler хувь нийлүүлсэн улсын үйлдвэр, 25,16 хувийг TEREX Equipment ХХК, үлдсэн хувийг иргэд эзэмшдэг байна. Эднийх TEREX загварын хүнд замын нөхцөлд ажиллах 100 тонн хүртэлх даацтай том оврын ачааны машин, Cat-unit загварын 172-400 тонн даацтай уул уурхайд ашиглагддаг электрон машинууд, NTE загварын 150-360 тоннын даацтай электрон машинуудыг угсрах чиглэлд тусгайлан мэргэшжээ. Энэ үйлдвэр 2011 оны байдлаар 600 ширхэг бүтээгдэхүүн борлуулж 470 сая долларын ашигтай ажилласан бол 2012 онд 640 ширхэг бүтээгдэхүүн борлуулж 560 сая долларын ашиг олсон аж. Энэ жил 1000 ширхэг хүнд даацын машин механизм борлуулах боломжтой болсон байна. Компани одоогоор 1120 ажилтантай бөгөөд 150 мянган метр квадрат талбайд үйлдвэрлэл явуулж байна. Байгуулагдсанаасаа хойшхи 25 жилийн дотор Хятад улсын уул уурхайн том оврын машин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компани болж, Хятад дах нийт зах зээлийн 75 хувийг эзэлж, экспортын бүтээгдэхүүний гуравны нэгийг гадаадын 57 улсад нийлүүлэн ажиллаж байгаа гэв. Бүтээгдэхүүний үнэлгээ нь 100 мянган евро орчмоос эхэлж 200-300 мянган евро хүрдэг юм билээ. Тэд ийнхүү дэлхийн уул уурхайн салбарт хямд төсөр өртгөөр багажийг нь бэлдэж өгөөд баялгийг нь тээвэрлэж буцаан “залгиад” боловсруулж баялгаас баялаг бүтээж байна.  
Манайх малынхаа жинг нэмэх төдийд л анхаарч байхад хөршүүд аль хэдийнэ газрын ховор элементээрээ дэлхийг “базжээ”
Газрын ховор элемент гэж нэрнээсээ л ховор үнэтэй эд байх нь гэсэн бодол төрүүлдэг нэг ашигт малтмал бий. Дэлхий дээр 17 төрөл зүйлийн элемент бүртгэгдээд байгаа бөгөөд энэ элемент ороогүй орчин үеийн үйлдвэрлэл, технологи гэж байхгүй. Та бидний унадаг ердийн нэг автомашинд л гэхэд 10 кг орчим газрын ховор элемент ордог. Энгийн нэг малын тэжээлээс эхлээд сансрын хөлөг, цөмийн зэвсэг, түлш үйлдвэрлэхэд хүртэл оролцдог энэ чухал металлыг ярих бүрт дэлхий нийтээрээ БНХАУ-ын Бугат хотыг өөрийн эрхгүй санаж байдаг. Учир нь алтнаас ч үнэтэй энэ “шороо” Бугатад 50 километр квадрат талбайг эзэлсэн орд газарт оршин байдаг бөгөөд “Chinas rare earth valley” гэж нэрлэгддэг уг хөндийд Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь явагддаг. Энэ хөндийг түшиглээд Бугат хотыг “Газрын ховор элементийн өндөр технологийн бүс” болгон хөгжүүлж байгаа гэнэ лээ. Газрын ховор элементгүй хийгддэг юм гэж энэ дэлхийд үлдээгүй учраас энэ ховор металлын төлөө “геологийн дайн” дэлхий даяар болж байгаа. Энэ дайныг хаашаа эргэхийг шийддэг улс нь дэлхийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа эзлэх болсон Хятад болж хувирсан. Тиймдээ ч Хятад жил ирэх бүр энэ элементийг гадагш гаргадаг квотоо улам л хасч үнийг нь тэнгэрт хадаан “галзууруулж” байгаа юм. Үүнд нь балмагдсан зарим улс орнууд аль эрт хаасан байсан газрын ховор элементийн орд газруудаа сэргээж эхэлсэн билээ. Анх тариачин хятадуудаа газрын ховор элементийг шорооноос ялгах бодисоор хангаж, тэдний ялгасан металлыг худалдан авч боловсруулснаар эхэлж байсан БНХАУ-ын газрын ховор элементийн олборлолтын аргыг нь бусад улс орон хэрэгжүүлэхэд төвөгтэй гэдэг. Нэг кг нь 40 доллар хүрдэг газрын ховор элемент байхад, ганцхан кг нь 10000 долларын үнэтэй нь ч бий. Гэтэл ийм ашигт малтмалдаа монголчууд дэндүү хайнга ханддаг бөгөөд хамгийн томд орох Дорноговийн Лугийн голын ордоо солонгосуудад зарчихсан гашуун түүхтэй. Манайх нүүрсээ урд хөрш рүүгээ л зөөдөг. Харин газрын ховор элемент нь бидний энэ өдөр шөнөгүй зөөгөөд байгаа нүүрс болон зэс, молибден зэрэг бусад ашигт малтмалд сарнисан байдлаар оршдог. Бидний 1000 кг-ыг нь 100 хүрэхтэй үгүйтэй доллараар өгчихөж буй нүүрсэн дунд 10 мянган долларын үнэтэй ганцхан килограмм лютеци гарч яваад байгааг үгүй гэх газаргүй шүү дээ.
Манайхны газрын ховор элементийг сонирхож эхэлсэн хамгийн сүүлийн жишээ гэвэл ШУА-ийн Физик технологийн хүрээлэн ӨМӨЗО-ны Бугат хотын Газрын ховор элементийн судалгааны хүрээлэнтэй хамтран 10 гаруй жил ажиллаж байж газрын ховор элементээр баяжуулсан малын тэжээл үйлдвэрлэн туршиж байгаа. Энэ элементийг нэмсэн тэжээлийг өдөрт ганцхан цайны халбагыг уусан малын жин ердийнхөөс 10-20 хувь нэмэгддэг гэнэ.
Дөрөвдүгээр форумаас төрсөн тэмдэглэлийн дараагийн хэсэг Хятадын Мэдээллийн технологийн хөгжлийн байдал болон аялал жуулчлалын бүс нутгийн талаар харьцуулсан өгүүллээр үргэлжилнэ. Та сонирхож байгаа бол үргэлжлүүлэн уншаарай.
 
 
 
 






Нийтэлсэн: Д.Жаргалсайхан

IV форумаас төрсөн хоёр дахь тэмдэглэл  
Үзсэн: 2540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй