Шууд Chart

КУМАМОТО: Газар хөдлөлтийн уршгаар Японы түүхэн дурсгалт хэрэм нуржээ

2016-04-15 11:48:48

Японд өчигдөр орой болсон 6.5 баллын газар хөдлөлтөөс үүдэн Японы түүхэн дурсгалт байгууламжийн нэгт тооцогддог цайзын хэрэм нуржээ. Кумамото цайзыг 1467 онд барьсан бөгөөд хамгийн сүүлд 1960-аад онд өргөн хэмжээтэй сэргээн босгох ажил явуулсан байдаг. Японы гурван гол цайзын нэгт тооцогддог Кумамото цайзын 13 бүрдэл хэсгийг Японы соёлын үнэт өвд багтаасан юм.

Харин сая болж өнгөрсөн газар хөдлөлтийн үед тус цайзыг хүрээлсэн 200 метр хэрмийн талаас илүү хувь нь нурж унасан байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа газар дахин хэд хэдэн удаа чичрэх үзэгдлийг дайвар чичиргээ гэж нэрлэдэг. Кюүшюү аралд дайвар чичиргээ үргэлжилсээр байгаа талаар "Эн-Эйч-Кей" уламжилж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 100 гаруй тооны ийм чичиргээ мэдрэгдсэний зарим нь өчигдөр орой болсон газар хөдлөлттэй дүйцэхүйц хэмжээний хүчтэй юм байна.

Газар хөдлөлтийн үеэр барилгын нурангид дарагдаж, нас барсан нэг хүний цогцсыг эрлийн баг илрүүлээд байна. Мөн хэд хэдэн барилгад гал гарсан, хурдны томоохон замд цууралт үүсчээ. Үүнтэй холбогдуулан тус хурдны замыг хэсэгчлэн хаасан байна. Японы төмөр замын компани Кумамото хотод явсан Шинкансен өндөр хурдны галт тэрэг газар хөдлөлтийн үед замаасаа гарсан талаар мөн мэдээллээ. Энэ үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй.

Нийтэлсэн: Э.Энхрэл

КУМАМОТО: Газар хөдлөлтийн уршгаар Японы түүхэн дурсгалт хэрэм нуржээ  
Үзсэн: 2036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй