
Монгол Улсад анх удаа болж буй олимпийн эрхийн сонгон чөлөөт бөхийн “The first “Last-Chance” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд 80 орны 600 гаруй тамирчин хүрэлцэн ирээд байна.
Энэ үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиевтэй ярилцлаа. Узбекстан улсын иргэн тэрбээр энэхүү тэмцээнд оролцож буй Ази тивийн орнуудыг хариуцан ажиллаж байна.
-Манай улсад анх удаа олимпийн эрхийн тэмцээн болж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Юуны өмнө би Монголын ард түмэнд олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулах болсонд талархаж байна. Учир нь тэмцээнийг орон бүр зохион байгуулахыг мөрөөддөг ч чаддаггүй. Монгол Улс өмнө нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон эмэгтэй багуудын Дэлхийн цомыг амжилттай зохион байгуулж байсан. Тиймээс Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооноос ихээхэн итгэл хүлээлгэж олимпийн эрхийн тэмцээн болж байна. Мөн Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид дэлхийд өндөр амжилтыг үзүүлж эхэлсэн. Олимпийн эрхийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Яагаад гэхээр дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадмын гэдэг бол тамирчин хүний туйлын зорилго байдаг. Тиймээс энэхүү эрхийн төлөө улс бүр хичээж байна. Тэмцээнд маш олон дэлхийн алдартай тамирчин ач холбогдол өгөн оролцож байгаагаас харахад тус тэмцээний чансаа харагдана. 80 орчим орны тамирчны өрсөлдөөн үнэхээр сонирхолтой болж байна.
-Сонгомол барилдаан өчигдөр явагдаж, олимпийн эрхийн эзэд тодорсон. Тэмцээний явцын тухайд юу хэлэх вэ?
-Бид дэлхийн олон орны тамирчны барилдааныг харж байна. Бүгд л олимпийн эрх авахын төлөө барилдлаа. Сонгомол барилдааны тухайд 51 орны 151 тамирчин олимпийн 18 эрхийн төлөө өрсөлдлөө. Эндээс харахад залуу тамирчид хүчтэй сайхан байна. Мөн олимп, дэлхийн медальтнууд арвин туршлага заан финалд үлдэж, эрхээ авч байгааг харахад урамтай байна. Беларусын баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ гээд азийн орны тамирчид олимпийн эрх авлаа. Мөн олимп, дэлхийн медальтнууд медальгүй хоцорч байгааг харахад өрсөлдөөн ямар их өрсөлдөөнтэй болж байгааг харуулж байна. Би Монголын үзэгч та бүхэнд баярлаж байна. Яагаад гэхээр сонгомол барилдаанд Монголоос нэг ч тамирчин оролцоогүй. Гэхдээ “Буянт-Ухаа” спортын ордонд ирсэн үзэгч түмнийг хараад баярлаж байна. Үнэхээр бөхөд дуртай ард түмэн юм аа. Тэмцээнийг маш сайхан зохион байгуулж байгаад талархаж байна.
-Монгол Улсад цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр их боломж байна вэ?
-Бразилын олимпийн наадмын өмнө эрхийн тэмцээнийг Монгол Улс зохион байгуулж байгаа нь бахархалтай юм. Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооноос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьдаг. Одооноос тэмцээнийг зохион байгуулах шаардлага өөр болж байна. Урьд нь ДНБХ-д 500 мянган швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь хоёр сая 500 мянга болтлоо өссөн. Тэгэхээр холбооны зүгээс ДАШТ-ийг зохион байгуулахад шинэчлэл хийж байгаа. Өөрөөр хэлбэл ДАШТ-д медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналыг авах юм. Энэ удаагийн тэмцээнээс эхлээд Монгол Улс цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр боломжтой болсон байна вэ гэдгийг харна. Мөн бусад шаардлагууд нийцэж байгаа эсэхийг дүгнэх юм. Бразилын олимпийн наадмын дараа Франц улсад энэ оны ДАШТ болно. Тэр тэмцээнээс эхлээд энэ бүх шинэчлэлийг хийгээд явах юм.
А.А.Рузиев: Бразилын олимпийн наадмын дараа Францад энэ оны ДАШТ болно | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.