
Монгол Улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. "Буянт-Ухаа" спортын ордонд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний дараа Дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Сербийн иргэн Ненад Лаловичтэй ярилцлаа.
-Манай улсад болсон олимпийн эрхийн тэмцээнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ жил спортынхны хувьд гайхалтай жил болж байна. Бид бүхний хүсэн хүлээдэг олимпийн наадам хэдхэн сарын дараа Бразил улсад эхлэх гэж байгааг хүн бүр дор бүрнээ хүлээж суугаа. Тэр дундаа тамирчдын хувьд бүр их хариуцлагатай үе ирээд байна. Энэ удаагийн Рио-гийн олимпийн наадмын эрхийн тэмцээн хоёр удаа зохиогдож байгаагийн нэг нь Монгол Улсад боллоо. Дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин багийн хамт хүрэлцэн ирж, томоохон өрсөлдөөнийг гаргалаа. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн холбоонд талархаж байна. Тэмцээн явуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Засгийн газар болон бүхий л хүмүүст баярлалаа. Улаанбаатар хотноо анх удаа олимпийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн болж, 48 тамирчин эрхээ аваад буцлаа.
-Олон орны шилдэг тамирчин Монгол Улсад анх удаа цугларлаа. Харин Монголын тамирчдын тухайд та юу гэж хэлэх вэ?
-Сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол Улсад ирсэн. Мөн өсөж яваа залуу тамирчид ч гэсэн энэхүү тэмцээнд оролцож, сайхан барилдааныг үзүүллээ. Сүүлийн жилүүдэд Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын амжилт ахиж байгаа. Миний бодлоор энэ удаа гурван боломжийн төлөө өрсөлдсөн ч эрхээ авч чадсангүй. Гэхдээ сүүлийн боломж одоо Сербид болно. Ордонд ирсэн үзэгчдийн уухайг хараад Монголчууд үнэхээр бөхөд хайртай ард түмэн гэдгийг мэдэрлээ. Бидний спортыг дэмждэг та бүхэнд талархаж байна. Эхний өдрөөс эхлээд би үзэгчдийн сайхан уур амьсгалыг хараад баярласан. Сонгомол барилдаанд Монголын бөх барилдаагүй ч тэд олимп, дэлхийн медальтнууд болон өнөө цагийн шилдэг тамирчдын барилдааныг хараад урамшсан гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсад цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр боломжтой байна вэ?
-Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэдэг бол ямар ч улсад амаргүй даваа. Монгол Улсын тухайд урд нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон эмэгтэй багуудын Дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тиймээс энэхүү хариуцлагатай тэмцээнийг зохион байгуулж чадах гэдгээ өмнө нь харуулсан болохоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “The first “Last-Chance”-г хийх боломжтой юм байна гэж үзсэн. Харин цаашид анхаарах зүйл их байгаа.
-Юуг анхаарах ёстой вэ?
-Тамирчдын байрлах байр, бэлтгэлийн танхим болон бусад олон зүйлийг сайжруулах хэрэгтэй. Одоо ДБНХ-оос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа. Урд нь ДНБХ-д 500 мянган швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь хоёр сая 500 мянга болтлоо өссөн. Мөн ДАШТ-д медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналтай болох гээд шаардлагууд нэмэгдсэн. Тиймээс цаашид Ази, Дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулах эрхийг авах орны хувьд маш сайн бэлтгэлтэй байх нь чухал. Бөхөд хайртай Монголын ард түмнийг цаашид олон сайхан тэмцээнийг эх орондоо зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ дашрамд, чөлөөт бөхийн гайхамшигт ялалт, ялагдалтай хамт байсан Монголын ард түмэнд талархаж байгаагаа дуулгая.
Н.Лалович: Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулна гэдэг амаргүй даваа | ||
Үзсэн: 2970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.