Шууд Chart

Таван Тэс, арван баядын нутгаар зорчсон тэмдэглэл

2016-04-26 12:29:56

“Монголнын мэдээ” сувгийн сурвалжлах баг дөрөвдүгээр сарын 10-наас 11 хоногийн хугацаанд томилолтоор Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумдаар яваад ирлээ. Явах замд таарсан сонин хачин болон нутаг орны ёс заншил, байгаль цаг уурын эрс тэс байдал, ард иргэдийн амьдралын хэв маягийн талаар уншигч тантай хуваалцъя.  


 
Бид хотоос гараад нэг их удалгүй Төв аймгийн нутагтай золголоо. Энэ нутагт дөнгөж сая унагалсан, салиа нь ч унаж амжаагүй гүүтэй таарсандаа бид их бэлгэшээв. Унага, гүүг харсан манай багийнхан “Аян зам маань өлзийтэй сайхан байх нь” хэмээнэ.

Архангай аймгийн Чулуутын гол

Бид Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар өнгөрсөн. Архангай аймгийн хувьд өвөл цас их унасан ч биднийг явах үед цас нь бүрэн хайлчихсан, Чулуут голд цөн түрээд эхэлчихсэн байлаа.  
Цааш Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино зэрэг сумдын нутгаар дайрч гарсан. Завхан аймгийн хувьд цас ид хайлж байх үед бид очиж таарсан учраас зам их шавартай байлаа.


 
Завхан аймгийн Тэлмэн нуур /Нөмрөг сумын Зүүн талд оршдог/

Манай сурвалжлах баг хоёр дахь өдрөө Увс аймагт хүрлээ. Цагаанхайрхан суманд хоноглоод бид цааш хөдөлсөн.


 
Увс аймгийн Цагаанхайрхан сум далайн түвшнээс дээш 2000 гаруй метрийн өндөрт оршдог. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө маш их хүйтэрдэг. Уулан дунд байрладаг учир  цэвдэгтэй. Тиймдээ ч хөлгүй баригдсан барилгуудынх нь хана, суурь нь цуурчихсан харагдана. Ашиглах боломжгүй болсон гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Харин сүүлийн үеийн барилгуудаа ихэвчлэн хөлтэй буюу газраас хөндийлж, баганатай барьдаг болжээ.
Бид бүхэн гурав дахь хоногтоо Увс аймгийн Тэс суманд очсон юм. Томилолтын маань гол зорилго энэ нутагт хүрэх байсан билээ. Тэс сумын хувьд баяд ястны өлгий нутаг.   Улаанбаатар хотоос 1500 гаруй км, аймгийн төвөөсөө 400 гаруй км алслагдсан сум юм.  


 
Тэс суманд өвөлдөө 50 градус давж хүйтэрч, зундаа мөн их халдаг Монгол орны хамгийн баруун хойд зах, мөн хамгийн хүйтэн цэг. Гэтэл тус суманд өнөөдөр иргэд хананаасаа халуун усаа авч, сумын төвдөө сайжруулсан замаар алхаж, байр, орон сууцууд нь халаалттай болжээ. Энэ талаар бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн энэ сарын 27-нд “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзэх боломжтой.  
Бид Увс аймгийн Тэс суманд ирээд дан ганцхан сумын төвөөс мэдээ, сурвалжлага бэлтгэсэнгүй. Хөдөөгүүр явж малчдын аж амьдралтай танилцсан юм.  


 
Энэ бол ОХУ-ын Тува улсын хил дагуу байрладаг Тагнын нуруу. Үүний наагуур алдарт Тэсийн гол урсдаг. Тэс сумын малчид гол дагуу өвөлждөг юм байна.  


 
Тэс сумын малчдын өвөлжөө /хороо/

Нутгийн иргэд нойтон бургасыг сүлжиж, малын хашаагаа хийдэг аж.  


 
Энэ хүнийг Ц.Цэвээнравдан гэдэг. Увс аймгийн Тэс сумын харьяат. Тэрбээр 30 гаруй жил баяд эмээл хийж буй аж. Баяд эмээл бол халх эмээлээс бүүрэг нь шовх, зузаан, хярыг нь бугын эврээр хийдэг зэрэг олон ялгаатай. Баяд эмээлийн тухай сурвалжлагыг та бүхэн “Монголын мэдээ” сувгийн “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.  
Бидний очсон дараагийн газар бол Завхан аймгийн Баянтэс сум. Замд цас орж, цасан шуургатай байсан ч бид зорьсон газартаа хүрэхээр тэмүүлсэн.

 
 
Баруунтуруун сум орох замд

Цас зөөлөн орсон учир дорхноо л гуу, жалга мэдэгдэхгүй нэлэхүйдээ цагаан тал боллоо. Бид зорьсон газраа хүрч чадалгүй Увс аймгийн Баруунтуруун сумын малчин айлд хоносон юм.


 
Баруунтуруун сумын малчин охид. Тэд ирэх намар сургуульд орно.


 
Алсад цэнхэртэн байгаа уул бол алдарт Ханхөхийн нуруу юм 


 
Манай баг зургаа дахь хоног дээрээ Завхан аймгийн Баянтэс суманд ирлээ. Баянтэс сумын малчин Баатарын хот. Завхан аймгийн малчид шургаагаар малын хашаа, хороогоо барьдаг.


 
Завхан аймгийн Баянтэс сумын хойгуур Тэсийн гол урсдаг. Биднийг очих үед Тэсийн голд цөн түрсэн байв.

Баянтэс сумын Тэсийн голын эрэгт байдаг “Эвэртэй мод”. Энэхүү байгалийн өвөрмөц тогтцыг нутгийн иргэд анх 1970-аад оны үед нээн илрүүлжээ. Эвэр жил бүр улам томорсоор байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Хүрч үзэхэд яг амьд малын эвэр шиг бүлээн байсан.  


 
Эрт үеэс л Тэсийн голын адуу хурдтай гэдгээрээ алдартай. Зурган дээр байгаа хүрэн азарга бол Аймгийн алдарт уяач А.Жаргалсайханы унаган адуу юм. Энэ жил нас нийлж байгаа. Дааганаасаа эхэлж уралдсан энэ шандаст хүлэг одоогоор зургаан түрүү хүртээд байгаа аж.
Манай баг Завхан аймгийн Баянтэс суманд хоёр хоног ажиллаж, нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага бэлтгээд цааш хөдөлсөн. Бид Асгат сумаар өнгөрч, цааш Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Мөрөнгөөр дайрч, Эрдэнэбулган сум орох төлөвлөгөөтэй явсан.
Цэцэрлэг сумын нутаг руу ороход маш их цастай, өвөл орсон цас нь хайлж дуусаагүй, дээрээс нь шинэ цас нэмсэн байлаа. Цасаар шуурсан учир хаа сайгүй хунгарлажээ.    


Цэцэрлэг сумын нутагт байдаг Хөтөлийн даваа. Зам битүү байсан учраас машин хэсэг яваад л цасанд сууж байлаа. Сүүлдээ нэг нь машиныхаа урд алхаж, цас хаагуураа нимгэн байгааг үзэж хөтөч хийв.  


 
Гэхдээ Цэцэрлэг сум руу орох үед цас багасаж, цаашлаад Цагаан-Уул сум руу ороход бараг цасгүй болсон. Ингээд нэг хоног явсны дараа бид зорьсон газар Эрдэнэбулган сумандаа ирлээ. Тус суманд цас бүрэн хайлчихсан, газрын үндэс хөдлөөд мал ногооны үнэр авсан байв. Хагалсан зарим талбай, уулын жалга, сугаар нялх ногоо цухуйжээ. 

 
 Эрдэнэбулган суманд дөрөвдүгээр сарын эхээр ирсэн хун шувууд

Бид Завхан аймгийн зургаан сум, Увс аймгийн таван суманд очсон. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд л урин хавар болж байна.     


 Эрдэнэбулган сумын хаяагаар урсах Эгийн гол

Цас эрт хайлжээ. Дөрөвдүгээр сар их дулаахан байгаа учраас мал эрт ногоо идэж сайхан зун болох төлөвтэй байна гэж нутгийн иргэд ярьж сууна. Энэ суманд бид энэ удаагийн нэлээд урт томилолтоо дуусгаж, Улаанбаатар хотыг зорьсон юм. Та бүхэн Увс, Завхан, Хөвсгөл аймгаас бэлтгэсэн “Эргэх дөрвөн цаг”, Увс аймгийн Тэс сумаас бэлтгэсэн сумын хөгжлийг харуулсан нэвтрүүлэг болон Завхан аймгийн Баянтэс сумаас бэлтгэсэн “Төл  таван-Эрдэнэ” нэвтрүүлгийг “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: А.Жанчивдорж

Таван Тэс, арван баядын нутгаар зорчсон тэмдэглэл  
Үзсэн: 12330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тэсийн хулгайч [127.0.0.xxx] 2019-04-03 14:28
Маш өнгөц харсан байна. Увсын Тэс аймгийн төвөөс 400 км гэж үлээдэг гэнэ. 150 л байдаг юм билээ.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-04-30 00:03
Huvsguliin tsetserleg sumand hutuliin davaa gj bhgui uliin davaa bzdee
Зочин [103.26.194.xxx] 2017-04-15 08:25
hutuliin davaa HUvsguld bii. Zavhan, Huvsguliin yag zaag deer bii
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2016-04-27 11:50
Арай товчлоод биччихжээ. Жаахан залхуу сэтгүүлч байна уу гүү юу хэхэ
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-27 09:24
haha. nerteigeer n Tansan lam baruun etgeedeer zorchson n ch ymu, eswel odicein arlaar ayalsan temdeglel ntr gechuul surtein bn
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-04-26 23:58
Сайхан нийтлэл болжээ.Зурагтайгаа тайлбартайгаа болохоор илүү сонирхолтой,ойлгомжтой болжээ.Цаашдынх нь ажилд илүү их амжилт хүсье.
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2016-04-26 23:43
towch todorxoi goy niitlel boljee ulam ilvvg xiigerei amjilt
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-04-26 23:34
Mmm joohon bag zergiin nairuulag zvij aldaanuud joohon hed hed bnaa teriig zaschuul busdaar bol ooloh yum alag bnoo
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-04-26 20:30
shan surwaljlaga bolson bn. amjilt
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-04-26 19:21
Баруун бүсийн аймгуудын тухай товчхон сайхан нийтлэл болжээ. Зурагт тайлбартай байгаа болохоор бүр ч ойлгомжтой санагдлаа Хан Хөхий хайрхан , Тэсийн гол , Эгийн гол гээд л цаашдаа улам ихийг хийж бүтээхийн амжилт хүсье
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2016-04-26 18:14
Сайхан сурвалжлага байна.
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2016-04-26 18:10
ajliin amjilt and mini

Бидэнтэй нэгдээрэй