Шууд Chart

Казахстан Улс ба АСЕМ

2016-04-28 13:15:37

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Казахстан Улс

Евразийн төв хэсэгт орших улс, ихэнх нь хэсэг нь Ази тивд, арай бага хэсэг нь Европт хамаардаг. Каспийн тэнгис, Волга мөрөн болон Уралын нуруу, Сибирь, дундад Азийн хооронд оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Казахстан Улс (2 сая 724,9 мянган шоо километр) дэлхийд 9-д, харин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын (СНГ) дунд Оросын дараа хоёрт ордог.

Хойд болон баруун хэсгээрээ ОХУ-тай, зүүн хэсгээрээ БНХАУ, өмнөд хэсгээрээ Киргиз болон Узбекстан, Туркменистан Улстай тус тус хиллэдэг.

Хуурай замын хилийн урт нь 13392,6 км. Түрк үндэстний зөвлөлийн хамгийн том орны нэг, далайд гарцгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд 14 муж, Астана, Алма-Ата гэх хоёр том улсын чанартай хотод хуваагдана. Мөн Казахстанд сансарын хотхон гэддэг Байконур хот байна.  Тус хотыг 2050 он хүртэл ОХУ-д түрээсэлсэн. Эдийн засаг, газар зүйн хувьд Төв, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд гэх бүс нутагт хуваагдана. Казахстан бол асар баялаг түүх, соёлын өвтэй.

Казахстан Улс Евразийн төв хэсэгт байрласнаараа дэлхийн эртний соёл иргэншлийн уулзвар дээр, зам тээврийн гол судсан дээр, Өрнөд болон Дорнод, Умард болон Өмнөд, Европ болон Азийг холбосон нийгмийн, эдийн засгийн, соёлын болон үзэл суртлын, мөн Еврази тивийн том улс гүрнүүдийн харилцаа холбооны “лугших гол зүрх нь” болсон гээд хэлэхэд огт буруутахгүй.

Казахстаны түүхийн үе шатууд:

  1. Балар эртний үе: Манай эрний өмнөх 2,5 сая жил, Казахстаны нутаг дэвсгэрт анх хүн бий болсноос манай эрний өмнөх VII-VIII зуун, Казахстаны нутаг дэвсгэрт анхны төр улс бтий болох хүртэл.
  2. Эртний үе: Казахстаны нутаг дэвсгэрт анхны тюрк, иран хэлтэй төр улс бий болсон, тэдний цэцэглэн хөгжилт, хямрал, уналт (манай эрний өмнөх VIII зуунаас манай эрний V зуун хүртэл).
  3. Казахстаны Дундад зууны түүх: Манай эрний V зуунаас XVIII зууны 30-аад он хүртэл үргэлжилнэ. Эрдэмтэд дундад зууны эртний болон хожуу үе гэдгийг онцолдог, энэ нь Тюрк гүрний Каганатууд, Чингис хааны Алтан орд, Доголон Төмөрийн эзэнт гүрний үе юм. Ингээд Казахын хаант улс бий болсон. Тюркийн эзэнт гүрний Улугбек, Аль-Каши, Сайфи-Сараи, Кутыб, Фараби, Баласагуни гэх нэрт одон орон судлаачид, тооны ухаантнууд, яруу найрагчид төрсөн ийм цаг үе юм.
  4. Казахстаны  Шинэ түүх: XVII зуунаас 1917 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ, Казахстан Оросын бүрэлдэхүүнд орсон.
  5. Казахстаны нэн шинэ түүхийн эхний үе: Хоёрдугаар сарын хувсьгал, Оросын эзэнт гүрэн задран унасан, Октябрийн хувсьгал ялж, 1917-1920 онд Зөвлөлт засаг тогтосноос авахуулаад 1991 оны 8-12 дугаар сард ЗСБНХОУ задран унах хүртэл үргэлжилнэ.
  6. Казахстаны нэн шинэ түүхийн 2 дахь үе: Казахстан 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлснаас өнөөг хүртэл үргэлжилж, тусгаар тогтносон, ардчилсан, эрх зүйт Бүгд найрамдах Казахстан Улс хөл дээрээ босч, хөгжиж ирсэнээр илэрхийлэгдэнэ.

- * -

Казахстаны Европын хэсэг:

Казахстан бол дэлхийн 2 хэсэгт байрладаг, Европ болон Ази тивийн хил дээр орших улс. Казахстаны ихэнх хэсэг Ази тивд, арай бага хэсэг зүүн Европт байрлана. Зөвлөлтийн, оросын болон казахын нэр хүнд бүхий түүхийн эх сурвалжуудад Европ тивийн хилийг Мугоджар уул болон Эмбе гол гэж тэмдэглэсэн байдаг.

Харин өмнө нь хилийг Урал мөрнөөр тэмдэглэж байсан, иймээс зарим эх сурвалжуудад янз бүрийн хувбарыг уншиж болох талтай. Жишээлбэл “Британника” энциклопедид хилийн заагийг Урал мөрнөөр тэмдэгэлсэн байна. Мөн Тагнуулын төв газрын Дэлхийн хүчин зүйлийн номонд Европ, Азийн хилийг бас л Урал мөрнөөр тогтоосон байдаг. Гэхдээ ном ёсоор бол Европ Азийн хил Мугоджар уул болон Эмбе голоор юм.

- * -

Цаг агаар:

Цаг агаарын хувьд эрс тэс, жишээлбэл хойд болон зүүн хойд нутгаараа нэгдүгээр сард агаарын температур -19 хэмээс өмнөд нутгаараа +1 хэм хүртэл, долоодугаар сарын агаарын дундаж температур +17 хэмээс +31 хэм хүртэл байна.

Зуны улирал Казахстанд газар сайгүй халуун, хуурай, зарим газар агаарын температур + 50 хэм хүрдэг, харин өвлийн хувьд цас  багатай ч хүйтэн, зарим газраар агаарын температур – 58 хэм хүрдэг.

- * -

Гол мөрөн, нуур ус:

Казахстанд тус бүр нь 1000 километр давах урт урсах 7 том мөрөн гол бий, тухайлбал Урал мөрөн-Оросын нутгаас эх авч, Каспийн тэнгист цутгадаг, Сырдарья мөрөн-Киргиз, Узбекистан, Тажикистанаас эх авч авч Аралын тэнгист цутгадаг, Иртыш гол Хятадаас эх авч Казахстанаар дайран урсаж, Оросын нутагт Обь мөрөнд цутгаж, цаашаа урсан Хойд мөсөн дайлайд цутгадаг, Или гол Хятадаас эх авч Балхаш нууранд цутгадаг.

Казахстанд маш олон том, жижиг нуур бий, эдгээрийн том нь гэхэд Каспийн тэнгис, Аралын тэнгис, Балхаш, Алаколь, Зайсан, Тенгис нуур юм.

Каспийн тэнгисийн хойд болон зүүн эргийн ихэнх хэсэг Казахстан Улсад хамаарна, Казахстанд хамаардаг Каспийн тэнгистийн эргийн 2340 км. Мөн Казахстанд 8816 шоо/километр талбайтай 13 усан сан бий, үүнд 87,326 куб/километр ус агуулагдаж байна.

Байгалийн ландшафт:

Казахстаны нутаг дэвсгрийн 44 хувийг говь, 14 хувийг говь хангай, 26 хувь нь тал хээр, 5,5 хувь нь ой эзэлдэг.

Ургамлын аймаг:

Казахстаны нийт нутаг дэвсгэрийн 5,5 хувийг ой мод эзлэнэ, ой нь Казахстаны хойд, зүүн, өмнөдийн уулархаг хэсгээр ургана. Казахстанд 6 мянга гаруй төрлийн ургамал байна. 600-аад төрлийн ургамлыг Казахстаны Улаан номонд оруулж, тусгайлан хамгаалдаг.

Амьтны аймаг:

Казахстанд 172 төрлийн хөхтөн, 490-ээд төрлийн шувууд, 51 төрлийн хэвлээр явагч, 12 төрлийн газар уснаа явагч, 100-аад төрлийн загас байна. Мөн 50-иад мянган төрлийн сээр нуруугүй (хорхой шавьж, хавьч хэлбэртэн, нальхан хорхой, бундан гэх мэт) амьтан байна.

Ашигт малтмал:

Казахстан Улс олон төрлийн ашигт малтмалтай. Казахстаны хөрсөн дор Менделеевын үелэх системийн 99 элемент бий, одоогийн байдлаар үүний 70-аадых нь нөөцийг тогтоосон, 60-аад элементийг үйлдвэрлэлд ашиглаж байна. Яг одоогоор тус улсад 1225 төрлийн түүхий эд агуулсан 493 орд газар байна. Казахстан Улс цинк, вольфрам, баритын нөөцөөр дэлхийд нэгд, мөнгө, хар туглагын нөөцөөр дэлхийд 2-т, зэс, флюоритын нөөцөөр дэлхийд 3-т, молибдены нөөцөөр дэлхийд 4-т, алтны нөөцөөр дэлхийд 5-д орж байна.

Казахстан Улс нефть болон байгалийн хийн асар их нөөцтэй, орд газар нь улс орны баруун хэсгээр байрладаг, Казахтсан улс дэлхийн нефть олборлогч томоохон улсын тоонд яахын аргагүй багтдаг. Казахстаны ашигт малтмалын нөөцөд гол байрыг нүүрс, Нефть, зэс, төмөр, тугалга, цинк, алт, марганец эзэлдэг. Казахстан Улс өөрт олборлосон өнгөт болон хар ашигт малтмалаа Япон, Өмнөд Солонгос, АНУ, Канад, ОХУ, Хятад болон европын холбооны улс орнууд руу экспортлодог байна.

Нефть:

2009 оны эхээр Казахстанд нефтийн судалж тогтоосон нөөцийн хэмжээ 39,6 тэрбум баррель буюу 6,5 тэрбум тонн байсан. Энэ нь дэлхийн нефтийн нөөцийн 3,2 хувь гэсэн үг юм. Каспийн тэнгист л гэхэд 17 тэрбум тонн нефтийн нөөц тогтоогдсон. Казахстаны нефть олборлогч том компаниудыг нэрлэх юм бол: НК Казсунайгаз, Тенгизшевройл юм.

Байгалийн хий:

Казахстан Улсын 2009 оны эхээр тогтоосон байгалийн хийн нөөц нь 1,82 триллион куб/метр, энэ нь дэлхийн байгалийн хийн нөөцийн 1,7 хувь гэсэн үг юм. Казахстаны байгалийн хийн орд газрууд гэвэл Карашыганак, Жанажол, Кызылын болон бусад орд газар юм.

Уран:

Казахстан Улсад 1,69 сая тонн ураны нөөц бий, энэ нь дэлхийн ураны нөөцийн 21 орчим хувь юм. 2005 онд тус улс энэ үзүүлэлтээр дэлхийд 2-т орж байлаа. 1997 онд байгуулагдсан төрийн өмчийн “Каз-атом-пром” компани ураныг зарж борлуулах ажлыг эрхэлж байна. 2005 онд тус компани олборлосон ураны хэмжээгээр дэлхийд 3-т орж байсан.

2009 онд Казахстан Улс дэлхийн зах зээлд нийлүүлсэн ураны найрлагын хэмжээгээр дэлхийд 1-д орж, 13,5 иянган тонн уран олборлож, үүгээрээ дэлхийд 17 жил дараалан ураны олборлолтоороо тэргүүлсэн Канад улсыг гүйцэж түрүүлсэн байдаг. 2010 онд “Каз-атом-пром” компани 17 мянга 803 тонн уран олборложээ.

Засаг захиргааны хуваарилалт:

Казахстаны бүрэлдэхүүнд 14 муж, 86 хот, үүний хоёр нь улсын хэмжээний, 168 район, 174 тосгоноос бүрддэг.

- * -

Төр засгийн тогтолцоо:

Бүгд найрамдах Казахстан Улс нь ерөнхийлөгчийн засаглалтай улс, ерөнхийлөгч нь төрийн тэргүүнээс гадна Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

- * -

Гүйцэтгэх засаглал:

Казахстаны насанд хүрсэн иргэд бүх нийтийн, тэгш, шударга сонгуульд оролцож, ерөнхийлөгчийг нууцаар сонгодог. Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, ерөнхийлөгчийн бүрэн эрх 5 жил. Өнөөгийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2016 оны 12-р сард дуусна.

Нурсултан Назарбаев 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш энэ ахлбан тушаалыг тасралтгүй хашиж байгаа, үндсэндээ энэ албан тушаалд 27 жил байгаа хүн юм.

Улс орны анхны ерөнхийлөгч болох Нурсултан Назарбаев Үндсэн хуулинд заасны дагуу улс төрийн болон эрх зүйн онцгой эрх мэдэл, хөнгөлөлт эдэлдэг, тухайлбал тэр болон түүний гэр бүл улсын онцгой хангамжинд байдаг, бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч гэлээ Парламентын болон засгийн газрын хуралдаанд оролцож үг хэлэх эрхтэй, мөн өөр олон хөнгөлөлт эдэлдэг ийм хүн юм. Гүйцэтгэх засаглалыг засгийн газар хэрэгжүүлнэ, засгийн газар нь яам, алба, агентлаг гэсэн бүтэцтэй. Засгийн газрын тэргүүн нь Карим Масимов.

- * -

Хууль тогтоох засаглал:

Хууль тогтоох засаглалыг парламент хэрэгжүүлнэ. Дээд Сенат, доод Мажилис гэсэн байнгын үйл ажиллагаатай хоёр танхимтай. Сенатын гишүүдийг Үндсэн хуулинд заасан журмаар сонгодог: муж, улсын чанартай хот, нийслэлээс тус бүр 2 гишүүн, мөн Сенатад нийгмийн ашиг сонирхолыг ижил тэнцүү хуваарилах зарчмаар ерөнхийлөгчийн томилдог 15 гишүүнээс бүрддэг. Сенатын дарга нь Касым-Жомарт Токаев.

Мажилис буюу парламентын доод танхим Үндсэн хуулинд заасан журмаар сонгогддог 107 гишүүнээс бүрдэнэ. Мажилисын дарга нь Кабибулла Кабенович Жакупов. Парламентын депутат нэг зэрэг дээд, доод танхимын гишүүн байж болдоггүй, Сенатын гишүүний бүрэн эрх 6 жил, Мажилисын гишүүний бүрэн эрх 5 жил. Казахстан Улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хууль тогтоох дээд байгууллага нь ЗСБНКазах Улсын Дээд зөвлөл гэж байсан, 1993 оны 12 дугаар сард Дээд зөвлөл татан буугдаж, парламентын анхны сонгууль 1994 онд болж байсан.

- * -

Гадаад бодлого:

Бүгд найрамдах Казахстан Улс НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаатай, улсын гадаад бодлогыг ерөнхийлөгч болон парламент тодорхойлж, гадаад яам хэрэгжүүлнэ. Казахстаны геополитикийн гол түншүүд нь ОХУ, Хятад, Япон, АНУ, Европын холбоо болон азийн бар орнууд. Мөн Казахстан Улс 2005 оноос ОХУ-ын тюрк бүс нутгуудтай (Якут, Алтайн хязгаар, Тува, Хакас болон бусад бүгд найрамдах улсуудтай) соёлын болон эдийн засгийн харилцаа тогтоогоод байна.

Казахстан нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн холбоо, АСЕМ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн.

Астана хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын өмнөх уулзалт дээр тэр үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хэлсэн үгэндээ, Казахстан Улс Төв Азийн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалах бүс нутгийн хүч болсоныг онцолсон. Мөн тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев ч гэсэн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Казахтсан улс НҮБ-аас зохион явуулдаг олон тооны энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн, тухайлбал Казахстаны сапёрчид Иракт 5 сая гаруй байлдааны галт хэрэгсэлыг аюулгүй болгож байсан.

Үүнээс гадна Казахстан Улс Киргиз, Афганистан, Тажикстанд санхүүгийн болон бусад төрлийн тусламж үзүүлж ирсэн байгаа. Орос улстай хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл нь Гаалийн холбооны хүрээнд явагддаг бол улстөрийн чиглэлд бүх ажиллагааг Хамтын аюулгүй байдлын гэрээний хүрээнд хийгдэж байдаг. Сүүлийн үед Казахстан Улс БНХАУ-тай үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ.


Эдийн засаг:

Казахстан Улсын эдийн засаг бол төв азийн томоохон, хуучин зөвлөлт засгийн орон зайд Оросын дараа 2-т орох том эдийн засаг юм.

1991-1995 он

1991-1995 онд Казахстанд эдийн засгийн уналт ажиглагдаж байлаа. Улс орны эдийн засаг инфляци дээд цэгтээ тулсан, төсвийн орлого, зарлага тогтворгүй, төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн, цахилгаан эрчим хүчний үнэ тэнгэрт тулсан, үйлдвэрлэгчдийн монопольчлол хараа хяналтгүй болсон ийм нөхцөлд хөгжиж байлаа. Улс оронд үнийг либералчлах бодлого хэрэгжиж эхэлсэн ч ингэснээр үнийг шууд л дэлхийн хэмжээнд хүргэх эрмэлзэл ихсэж, үүний дүнд 1992 онд гиперинфляцын хэмжээ 2500 хувийг давсан юм. Ийм нөхцөлд Казахстан Улсад санхүү, мөнгө зээлийн хатуу бодлого хэрэгжүүлэх зүйл маш их тутагдаж байсан бөгөөд улс оронд өөрийн гэсэн мөнгөн тэмдэг дутагдаж байлаа.

1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын зарлигаар улс оронд тенге гэдэг үндэсний мөнгөн тэмдэгт бий болсон байна. 1993 онд инфляцын сарын дундаж хурдац 30,1 хувьд, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт 9 хувиас 2 хувьд хүрч байлаа. Ийм нөхцөлд засгийн газар болон Үндэсний банк инфляцын түвшнийг аажмаар буулгаж, үйлдвэрлэлийн уналтыг сааруула тогтоон барих гэсэн эн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэг зорилтыг тодорхойлж ажилласан байдаг. Улмаар 1995 онд Казахстаны эдийн засагт эдийн засгийн уналтын хурдац удаашрах явдал ажиглагдаж ирсэн бөгөөд инфляцын түвшин мэдэгдэхүйц буурч ирсэн байна. Эдгээр арга хэмжээний дүнд 1993 онд 2265 хувьд хүрсэн инфляцын түвшинг 1995 онд 60 хувь хүртэл бууруулж чадсан байна.

2010 он

2013 онд Казахастан Улсын эдийн засаг бүс нутгийн хувьд дээгүүр байсан ч гэлээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац аажим аажмаар буурсан гэдгээр тодорхойлогдож байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдац буурсаны гол шалтгаан нь бүхэлдээ дэлхийн макроэдийн засгийн байдал доройтсонтой шууд холбоотой. Гэхдээ улс орны дотоод зах зээлд байдал арай эерэг байсан нь үүнийг зөөлрүүлж өгч байсан юм. Тухайлбал улс оронд бараа болон үйлчилгээний хэрэглээний өсөлт идэвхтэй өсөж ирсэн байгаа. Хүн амын хэрэглээний өсөлт тогтворжиж, жилийн 11 хувьд хүрч, сүүлийн жилүүдийн дундаж өсөлтөд тулж ирсэн.

Мэдээж хэрэг хүн амын тоо өссөн нь хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй шууд холбоотой. Үүнээс гадна газар тариалан, үр тарианы үйлдвэрлэл нэмэгдэж, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10,8 хувиар өссөн байна. Мөн Кашаганы орд газраас нефть болон байгалийн хий олборлож эхэлсэн нь нөхцөл байдал зөөлрөхөд маш их нөлөөлжээ. Тэгээд ч зогсохгүй тус улсад 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа анх удаа гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, гадаадын хөрөнгө оруулалтын хурдац  нэмэгдсэн байдаг. Энэ бүгдийн дүнд 2013 онд Казахстанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4,4 хувьд хүрсэн байна.


Гадаад өр:

2011 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Казахстан Улсын гадаад өр 124,186 тэрбум ам. долларт хүрсэн, энэ өр 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар  108,13 тэрбум ам. доллар байсан бол 2009 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 111,326 тэрбум ам. доллар хүрсэн байгаа.

Жил ирэх тусам Казахстан Улсын гадаад өрийн хэмжээ өсөж ирсэн, одоо тус улсын нэг иргэнд 8 761 ам. долларын өр ноогдож байна.

- * -

Экспорт:

Казахстан Улс олборлох, түлш, төмөрлөгийн болон химийн аж үйлдвэрийн үйлдвэрлэсэн түүхий эдийг экспортлодог. Экспортын бүтцэд: нефть болон нефтийн бүтээгдэхүүн  35 хувь, өнгөт металл  17 хувь, хар металл 16 хувь, хүдэр 12 хувь, үр тариа 9 хувь, бусад 11 хувь эзэлж байна.

- * -

Импорт:

Импортлож байгаа гол бараа бүтээгдэхүүн бол түүхий эд, тэр дотор нефть, машин тоног төхөөрөмж, автомат тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн бараа бүтээгдэхүүн, бензин шатахуун, хүнсний бараа бүтээгдэхүүн байна. 2002-2011 онд хүн амын тоо өсөн нэмэгдэж, улмаар иргэдийн ашиг орлого эрс нэмэгдэж ирснээр бэлэн бүтээгдэхүүн, олон нийтийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт эрс өссөхөд хүргэжээ.

Хөвөн даавуун импорт 8,7 сая шоо метрээс 33 сая шоо метр хүртэл, гутлын импорт 5,3 сая хосоос 25,8 сая хос хүртэл, хөргөгч болон хөлдөөгчний импорт 136 мянган ширхгээс 500 мянган ширхэг хүртэл, телевизор 31,5 мянган ширхгээс 1226,0 мянган ширхэг хүртэл, дүрс бичлэгийн камерын импорт 7,2 мянган ширхгээс 424,7 мянган ширхэг хүртэл өссөн байна.


Аж үйлдвэр

Машин техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэл:

Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь Бүгд найрамдах улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн 8 орчим хувийг эзэлдэг. Казахстан Улс нь өөрийн уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэглээг хангадаг. Ер нь бол Казахастаны засгийн газар улс орны баруун хэсэгт машин үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд их анхаарал хандуулж байна, тухайлбал энд “Зенит”, “Металлист”, “Омега”, “Ремзавод” гэсэн үйлдвэрүүд бий, зөвлөлт засгийн үед эдгээр үйлдвэрүүдэд маш их анхаарал хандуулж байсан бол ЗХУ задран унаснаар эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь 70 орчим хувиар багассан.

- * -

Автомашин үйлдвэрлэл:

2000-аад онд Казахстанд атомашин үйлдвэрлэл, тэр дотор жижиг тэрэг үйлдвэрлэл бий болсон, 2003 онд 2628 ширхэг машин үйлдвэрлэсэн бол 2012 онд 19186 хүрч өссөн байна.

- * -

Хар төмөрлөг:

Казахстаны хар төмөрлөгийн үйлдвэрлэл улс оронд үйлдвэрлэж байгаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 12,5 хувийг эзэлдэг. Тус улс төмрийн хүдэрийн нөөцөөрөө дэлхийд 8-д ордог. Дэлхийд байгаа төмрийн хүдэрийн нийт нөөцийн 6 орчим хувь нь Казахстанд бий. Тогтоогдсон төмрийн хүдэрийн 8,7 тэрбум тонн нөөцийн 73,3 хувийг олборлоход маш хялбарт тооцогддог. Олборлосон төмрийн хүдэрийн 70 гаруй хувийг экспортлодог.

Олборлолтын хэмжээний талаар ярихад: 1990 онд 23,8 сая тонн, 1999 онд 9,6 сая тонн, 2012 онд 23,0 сая тонныг олборлосон байдаг. Үүний хажуугаар 1990-2012 онд ган хайлуулалт жилд 6,8 сая тонноос 3,8 сая тонн хүртэл буурсан бол ширэмний үйлдвэрлэл жилд 5,2 сая тонноос 2,7 сая тонн хүртэл буурчээ.

- * -

Өнгөт төмөрлөг:

Аж үйлдвэрийн үйлдвэрлэлд эзлэх өнгөт төмөрлөгийн эзлэх хувь 12-оос дээш. 1990-2012 онд хөнгөн цагаан, хар тугалга, цайр, зэс гэсэн 4 төрлийн өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ 2022,2 сая тонноос 2470,1 сая тонн хүртэл өссөн байна. Казахстан Улс дэлхийд зэсийн баяжмалын томоохон экспортлогч гэж тооцогддог.

Казахстаны зэсийн гол импортлогч нь Итал, Герман хоёр. Үүнээс гадна Казахстан Улс алтны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, “Алтыналмас” компани алтаар гоёл чимэглэл хийж борлуулдаг бөгөөд тус улсад алтны 171 орд бий.

- * -

Химийн аж үйлдвэр

Казахстаны химийн болон нефть химийн үйлдвэрүүд нь хуванцар, химийн утас, автомашин болон хөдөө аж ахуйн техникийн дугуй, резинэн бүтээгдэхүүнүүд болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үүнээс гадна Казахстанд автомашины бензин, дизель түлш, уурын зуухны мазут, онгоцны бензин, битум болон бусад нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нефть боловсруулах 3 үйлдвэр бий. Мөн тэжээл, бордоо, угаалгын нунтаг үйлдвэрлэдэг химийн үйлдвэрүүд байна.

- * -

Цахилгаан эрчим хүч:

Казахстаны эрчим хүчний систем хоорондоо маш сул холбоотой 3 бүсээс бүрдэнэ: баруун хэсгийн (Оростой холбоотой), төв болон зүүн хэсгийн (Оростой холбоотой), өмнөд хэсгийн (Узбекистан болон Киргизтэй холбоотой). Экибастузын нүүрсний цахилгаан станцад тулгуурласан төв болон зүүний бүс бусдыгаа бодвол илүү их бие даасан шинжтэй бол өмнөд бүс байнга шахуу эрчим хүчний дутагдалд орж, дутагдлаа Киргизээс эрчим хүч импортлосноор нөхдөг.

Баруун бүс эрчим хүчээ Оросоос авдаг, Мангистау муж Мангистаугийн атомын цахилгаан станцын тусламжтай эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж чаддаг ч гэлээ  алслагдсан нутаг дэвсгэрүүд хооронд зам харилцаа сул байдгаас болж атомын цахилгаан станц нь илүүдэл эрчим хүчээ бусад мужууд руу түгээж, нийлүүлж чаддаггүй. Казахастаны өмнөд хэсэгт 1230 МВт хүчин чадалтай Жамбылын усан цахилгаан станц бий, энэ станц өнөөг хүртэл Казахстаны өмнөд хэсгийн эрчим хүчний гол нийлүүлэгч болж ирсэн байгаа.

1990-2012 онд нефтийн олборлолт 21,7 сая тонноос 79,2 сая тонн хүртэл, байгалийн хийн олборлолт 7,1 тэрбум куб/метрээс 40,3 тэрбум куб/метр хүртэл эрс өссөн ч нүүрсний олборлолт 131,4 сая тонноос 120,5 сая тонн хүртэл буурсан байна. Гэтэл 1990-2012 онд эрчим хүчний үйлдвэрлэл 87,4 тэрбум киловатт/цагаас 90,6 тэрбум киловатт/цаг хүртэл маш бага өссөн байдаг. Нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч гэсэн 17,9 сая тонноос 13,7 сая тонн хүртэл багассан байгаа.

- * -

Хөнгөн аж үйлдвэр:

1990-2012 онд тус улсын хөнгөн аж үйлдвэрийн салбар эхлээд унаж, дараа нь аажим аажмаар сэргэж ирсэн байдаг. Дээрх хугацаанд давууны үйлдвэрлэл 325,5 сая шоо метрээс 23,7 сая шоо метр хүртэл, оймсны үйлдвэрлэл 87,7 сая хосоос 3,0 сая хос хүртэл, арьс, ширний үйлдвэрлэл 625 сая шоо/дециметрээс 60,7 сая шоо дециметр хүртэл хорогдсон.

- * -

Ачаа тээвэр:

Казахстан Улс Евразийн төв хэсэгт байрладгаараа транзит тээврийн салбарт асар их чадамжтай, нөөц бололцоотой оронд тооцогддог. Автозамын сүлжээний урт нь 106 мянган километр. Үүний 13,5 мянган километр нь төмөр зам, 87,4 мянган километр нь хатуу хучилттай зам, 4 мянган километр нь гол мөрний усан зам юм.

2007 онд Казахстаны тал Орос улсад хандаж, Орос улсаар дайран өнгөрөх Каспийн тэнгисийг Азов-Хар далайтай холбох Еврази суваг барих санал тавьсан, энэ төсөл хэрэгжих тохиолдолд Казахстан Улс далайд гарцтай орон болно.

- * -

Хөдөө аж ахуй:

Хөдөө аж ахуй бол Казахстаны эдийн засгийн чухал салбарын нэг. Казахстан Улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл дотор үр тарианы үйлдвэрлэлээр Орос болон Украйны дараа 3-т ордог. 1990-2012 онд тус улсын хөдөө аж ахуйн салбарын бүтэц зохион байгуулалтад чухал чухал өөрчлөлт явагдсан: тосон ургамлын тариалалт голлох байр суурь эзлэх болсон (1991-2012 онд 155 сая тонноос 977 сая тонн хүртэл хураан авсан), төмс (1990-2012 онд төмсний тариалалт 2324 сая тонноос 3126 сая тонн хүртэл өссөн), хүнсний ногоо (1990-2012 онд хүнсний ногооны тариалалт 1136 сая тонноос 3062 сая тонн хүртэл өссөн), тарвас, гуа тариалалт (1990-2012 онд 302 сая тонноос 1602 сая тонн хүртэл өссөн).

Үүний хажуугаар 1990-2012 онд чихрийн манжингийн тариалалт 1044 сая тонноос 152 сая тонн хүртэл, үр тарианы тариалалт 28,5 сая тонноос 11,6 сая тонн хүртэл эрс буурсан байгаа. Казахстанд 1990-2012 онд үхрийн тоо толгой 9,8 саяас 5,7 сая хүртэл, гахайны тоо толгой 3,2 саяас 1 сая хүртэл, бог малын тоо толгой 36,2 саяас 17,6 сая хүртэл, гэрийн тэжээмэл шувууны тоо толгой 59,3 саяас 33,5 сая хүртэл хорогдсон байна.

Мөн энэ үед махны үйлдвэрлэл 1547 мянган тонноос 934,1 мянган тонн хүртэл, сүүний үйлдвэрлэл 5,6 сая тонноос 4,9 сая тонн хүртэл, өндөгний үйлдвэрлэл 4185 сая ширхэгээс 3673 сая ширхэг хүртэл, ноосны үйлдвэрлэлийн хэмжээ 107,9 сая тонноос 38,4 мянган тонн хүртэл унасан байна. Үр тарианы экспорт улсын эдийн засагт орж ирэх валютын гол эх үүсвэр, хэдийгээр Казахстан Улс газар тариалангийн эрсдэлтэй бүсэд байдаг ч гэлээ өөрийгөө гурилаар бүрэн хангаад зогсохгүй ургац алдсан жилүүдэд нийт үр тарианыхаа 70-аад хувийг экспортлодог. Казахастанд мал аж ахуй нэлээд өндөр хөгжсөн, ялангуяа бог мал, үхэр, адуу, тэмээ их үржүүлдэг.

- * -

Гадаад худалдаа:

Казахстаны худалдааны гол түнш нь ОХУ, гэвч 2000 оноос хойш Казахстаны гадаад худалдаанд БНХАУ-ын гүйцэтгэх үүрэг их болсон, 2012 онд Астана болон Бээжингийн хоорондох бараа эргэлт 25,7 тэрбум ам. долларт хүрсэн байна.

Гэтэл 2001 онд энэ үзүүлэлт дөнгөж 1,3 тэрбум ам. доллар байсан байгаа. Дэлхийн банкны мэдээгээр, Казахстан Улс 2012 онд (2,9 сая тонн) үр тарианы экспортоор дэлхийд 9-д бичигдсэн байна.


Хүн ам:

Бүгд найрамдах Казахстан Улсын хүн ам 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 17 сая 670 мянга 957. Хүн амынхаа тоогоор дэлхийд 63-т ордог. Хүн амынхаа нягтаршлаар 1 шоо/километр газар 6,48 хүн оршин суудаг гэдэг үзүүлэлтээр дэлхийд 184-т ордог.

Үндэстэн хоорондын харилцааны хувьд хамгийн тогтвортой оронд тооцогдоог. Казахстаны хүн амын ихэнх хэсэг ямар ч үндэс угсаанаас үл хамааран оросоор ярьдаг. Сүүлийн жилүүдэд англи хэлний нэр хүнд багагүй өсөж ирж байгаа бөгөөд казах хэл ч гэсэн сэргэж байна.


Шашин шүтлэг:

Америкийн “Гэллап” албаны судалгаагаар, Казахстаны хүн амын дундах шашин шүтлэгийн түвшин 43 хувь, энэ нь Төв азийн бүс нутагт хамгийн доогуур орох үзүүлэлт юм.

Голлох шашин нь ислам болон христийн шашин. Казахстанд шашин шүтлэгийн үзэл бодолд тулгуурлан улс төрийн хөдөлгөөн байгуулахыг хуулиар хориглосон байдаг, мэдээж хэрэг энэ нь үндэстэн хоорондын, шашин хоорондын сөргөлдөөн, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр.

Нийтэлсэн: Т.Цогтоо

Казахстан Улс ба АСЕМ  
Үзсэн: 12421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-04-28 14:29
Сайхан мэдээлэл байна. Гэхдээ талбайг шоо метр гэж бичээд байх юм. Шоо метр, куб метр хоёр ижил утгатай байдаг юм. Цаашид янз бүрийн материал бэтгэхдээ үүнийг бүү мартаарай. Хүүхдүүдэд буруу ойлголт өгнө шүү.

Бидэнтэй нэгдээрэй