
Австри улсын хууль тогтоогчид цагаач дүрвэгчдийн талаар баримтлах бодлогоо улам чангатгаж байна. Өчигдөр энэ тухай баталсан шинэ хуульд цагаач дүрвэгчдийн асуудлаар “онц байдал” зарлах эрхийг Австрийн эрх баригчдад нээж, олонх цагаач дүрвэгчийн орогнол эрсэн өргөдлийг буцаах боломжийг бүрдүүлжээ.
Хямрал мөргөлдөөнд нэрвэгдсэн Сири, Афганистан, Ливи зэрэг улсын иргэд бусад оронд орогнол эрэхдээ давуу эрх эдэлж байгаа. Харин Австрид эдгээр орны иргэдэд давуу эрх олгохгүй болсон байна. Мөн цагаач дүрвэгчдийн орогнол эрсэн өргөдлийг хил дээр хэлэлцэн, түдгэлзүүлэх, өргөдөл нь амжилттай шийдвэрлэгдсэн цагаач дүрвэгчдийг Австрид ердөө 3 хүртэлх жил орогнуулах тухай шинэ хуульд тусгасан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд тус хуулийг дайн хямрал, хавчлага гадуурхлаас хамгаалуулах хүний суурь эрхийн зарчмыг зөрчсөн хэмээн шүүмжилж байна.
Үүнтэй зэрэгцэн Австрийн эрх баригчид Италитай залгаа хилдээ хаалт босгож магадгүй гэдгээ мөн мэдэгдлээ. Африк тивээс Газар дундын тэнгисээр дамжин Италид хүрч очих цагаач дүрвэгчдийн тоо олширчээ. Эдгээр цагаач дүрвэгчид Италид хүрч очсоныхоо дараа хангалуун чинээлэг Хойд Европын орнуудыг зорин цааш аян замаа үргэлжлүүлдэг байна.
Дүрвэгч цагаачдын энэ урсгалыг зогсоох шийдвэртэй алхмыг Италийн эрх баригчид авч хэрэгжүүлээгүй нөхцөлд Австри хоёр орны хилд хаалт босгоно гэдгээ анхаарууллаа. Энэ хооронд хилийн хаалт босгох бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлсэн мэдээ байгаа юм.
Австри улс Италитай залгаа хилдээ хаалт босгож магадгүй | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.