
Парисын террорист халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг Бельгийн эрх баригчид Францад шилжүүлэн өгсөн байна. Түүнийг Францын холбогдох албаныхан терроризм, хүн амины хэрэг, хүн барьцаалсан, хууль бусаар зэвсэг, тэсрэх бөмбөг эзэмшсэн хэрэгт буруутган албан ёсны мөрдөн байцаалт эхлүүлжээ.
Одоо 26 настай Салах Абдеслам нь Бельгид төрсөн, Францын иргэн юм. Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд Парист гарсан цуврал халдлагыг зохион байгуулагчдаас амьд үлдсэн цор ганц сэжигтэн гэж үзэж байгаа. Францад үргэлжлэх мөрдлөг шалгалтаар Салах Абдеслам Парисын халдлагад ямар үүрэг гүйцэтгэснийг нарийвчлан тогтоох гэнэ. Салах Абдесламыг Европ даяар 4 сар үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дүнд өнгөрсөн сард Бельгийн нийслэл Брюссель хотод баривчилсан юм.
Бельги улсаас Салах Абдесламыг зэвсэгт хамгаалагчдаар харгалзуулан, нисдэг тэргээр Парист хүргэсэн байна. Мөрдөн шалгах ажил үргэлжлэх хооронд түүнийг чанга дэглэмтэй шоронгийн ажиглалтын камер бүхий гянданд хорьж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Парисын террорист халдлагын гол сэжигтнийг Францад шилжүүлэн өгчээ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.