Шууд Chart

Зүүн аймгуудын нутгаар зүсэр цагаан бороо ороосой

2016-04-29 11:49:35

Сэтгүүлчийн аян замын тэмдэглэл

Хөх салхинд нь хүн, малын нүд сүүмийсэн хүйтэн хавсарга нүдсэн хавар зүүн аймгуудад болж байна. Сүхбаатарын Эрдэнэцагаан гэж гурван сумын дайтай мал, газар нутагтай сум сүүлийн жилүүдэд танигдахын аргагүй хөгжжээ. 7000 гаруй хүн амтай, Хилийн цэргийн ангитай энэ сумаар Бичигтийн боомтоор зорчин өнгөрөх 2000 гаруй хүн дайран өнгөрнө.  Аяны хүнд юу хэрэгтэй вэ, тэр бүх үйлчилгээг Эрдэнэцагаан сум барих, байгуулах хэрэгтэй болж. Удахгүй маш том буудлыг ашиглалтад оруулахаар барьж байна. Дэлгүүр, хоолны газар, халуун ус, саун гээд бүгдийг дэс дараатай шийдэж байна.
... Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм  
Мал нь тогтуухан, хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
... аль эсвэл
Дэндүү уяхан аавыг минь  
Дээлтэй өвгөд нь үгүйлээд байна аа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна аа
...
гэсэн уянгын дууны олон сайхан шүлэг бичсэн яруу найрагч Сумьяагийн Амартайван энэ сумын Засаг дарга. Түүнийг сайн найрагч төдийгүй сайн удирдагч гэдгийг ард түмэн нь хэлж байна лээ. Ажил төрлийн тухайд түүнтэй ойлголцоход ч тун амар. Хилийн цэргийн ангийнхантайгаа ч ажил төрлийн нягт нарийн холбогдож ажиллана. Түүхэнд  Чоно голын отряд гэж тэмдэглэгдэн үлдсэн Хилийн цэргийн 0146-р анги малын төв суурьтай. Бод, бог нийлсэн 7000 гаруй мал нь Халтарын говийн хөндийгөөр нэг бэлчиж, төллөж байна.  Байлдагчид тэнд таван хошуу малаа төллүүлж, хургаа голсон хонь авахуулж, ар талын бүсгүйчүүд цагаан идээгээ авч, ажил амьдрал өрнөж байна. Энэ хаврын анхны таргийг тэнд амслаа. Ойр хавийнхан телевизийнхэн ирнэ гээд Малын суурь дээрээ цуглажээ. Хилийн амьдрал дагасан бүсгүйчүүдтэй ярилцаж, хилчин дайчдын малаа хэрхэн маллаж, төллүүлж байгааг сурвалжиллаа. Мал нь өнгөтэй сайхан орж, хилчин, малчид суурь цагаан хурга хүлээн авсан байна. Саяхан түймэр гарсан ч хилийн ангийн дайчид, урд хөрштэйгөө хамжиж түргэн хугацаанд гарз хохиролгүй унтраажээ.

Эрдэнэцагаан адууны, хурдны нутаг. Мянга гаруй адуу тоолуулсан “Алтан унага”-ны эзэн Г.Бөхчулууных Монгол Улсын хилээсээ 20-иодхон  км зайтай Төөтгөнө хэмээх газар тарган тавтай хаваржиж байна. Хар нялхаасаа адуу маллаж ирсэн тэрбээр байгалийн олон эрсдлээс Монголын мал сүргээ хамгаалж ирсэн гавьяатай нэгэн. Эцэг дээдсээсээ талын их шуурганд уруудсан хүний, өөрийн малыг хил давахаас хамгаалсан тэрбээр  Хилд туслах нийгэмлэгийн гишүүн юм. Энэ мэт олон сайхан хүмүүстэй уулзаж, аяны богцоо уран бүтээлээр мялаалаа.  

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-Овоо суманд ажиллах ёстой байсан ч түймэр гарч, гурван хүний амь үрэгдсэн учир эдгээр сум биднийг хүлээж авах боломжгүй болсон юм.  Сүхбаатар аймгийн нутагт цас эрт хайлж, алаг борог ихтэй тул мал тэвээрч эхэлжээ. Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар хүйтэн шуурга шуурч сая төллөсөн эх мал, нялх төлийг туйлдуулж байна. Дорнодод буудал, хоолны үнэ хэт өндөр, бараа таваарын үнэ хотоос зарим талаар илүү байна. Барга хониороо шилмэл малын үзэсгэлэнгээс “Алтан медаль” авсан малчныд очлоо. Энэ хонь бол Дорнодын малчдын бахархал аж. 

Баянтүмэнийхэн хагас суурин аж ахуйг илүү эрхэмлэх болжээ. Мал давгүй төллөж байгаа ч яндан хонгинуулсан хүйтэн шуурга нялх төлийг сэнсрүүлчихэж болзошгүй байна. Хавирга нэвт шуурч байна аа, хаврын салхи. Уруул ам омголтож, гар хуруу хагарсан энэ хуурай салхинд малчдын маань царай харшмал үзэгдэнэ. Дээр нь түймэр ягт нь тулгаж орхих юм. Түймэр болсон газар очлоо. Бас түймрийн голомтоос 500 гаруйхан км-т атлаа түймэрт өртөөгүй “азтай” хоёр хөгшинтэй ярилцлаа. Салхи эргэсэн л бол манайх аймшигт аюулд өртөх байсан гэж тэд ярьж байна. Шуурга, хуурайшилт, түймэр, энэ бүхнийг дараад нэг зүсэр цагаан бороо зүүн зүгийн нутгаар минь ороосой. Шуурсаар байтал цасны чийг байхгүй болох нь.

Онон, Балжийн сав нутгаар явсны учир нэвтрүүлгийн маань өнгө арай өөр болох болов уу гэсэн бодол өвөрлөж Буриадуудын мал төллүүлэх аж байдлыг авах гэсэн хэрэг. Эхний айл маань Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Г.Зулбадрахынх. “Балжийн сайхан модны дэв” гэдэг газарт малаа төллүүлж байна. Эхнэр нь БТДС-ийг дүүргэсэн, цанын спортын мастер хүн. Хамниган буриад гэнэ. 1990 оны үед сургуулиа төгсөөд л өмчтэй болно гээд мал дээр гарсан Г.Зулбадрахынх одоо 600 гаруй малтай. Ямар ч үед яг л энэ тоогоо бариулдаг гэнэ.

Дүнзэн байшинтай, тохилог сайхан өвөлжөөтэй, цөцгийгөө өөрсдөө цохичихно, жимсээ дарчихна, загас, мөөгөө Онон, Балжийн голоосоо, баян тансаг байгалиасаа авчихна, талх, пирог, пирожкигээ өөрөө барьчихна. Биднийг мойл, улаагана, гүзээлзгэний дармал, мойлтой цөцгий түрхсэн “гарын” талхаараа дайлж байна. Мойл жимсний чанар нь ясандаа байдаг гэж өвөг дээдэс нь ярьдаг учир ясыг нь хоёр удаа жимстэй нь цуг машиндаад цөцгийдөө холино, ингээд талх, пирог, пирожкидээ хавчуурга хийнэ. Үнээ нь тугаллаад  цайны сүү гарч эхэлж. Шинэ цөцгийний дээжээ бидэнд амсууллаа. н.Тунгалагтуяагийн гарын идээгээр дайлуулж суухдаа би ер нь юу хийж чадах билээ гэсэн асуултыг өөртөө тавихад хангалттай биш үнэлгээ авахаар санагдана. Хөдөөгийн бүсгүйчүүд үнэхээр бүхнийг чадах юм аа.

Эрүүл малтай, өөрсдөө эрүүл амьдрах, юугаар ч дутахгүй, хэнд ч төвөг болохгүй байх нь Г.Зулбадрахын гэр бүлийн амьдралын зорилго. “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгээр Эрчмийн хар ямаа өсгөдөг Хөвсгөлийн Зоригоогийн тухай үзээд, тэднийхээс Эрчмийн хар ямааны ухна авах бодолтойгоо ярьсан. Төлийнхөө саравчинд гахайн соёо зүүсэн нь содон харагдана. Газрын гүйдлийг арилгадаг, нялх төлд ээлтэй гэж ярина билээ. Буриад малчид газар нутгийн онцлогоосоо шалтгаалан үхэр үржүүлдэг, нэг айл гэхэд З0-аас дээш үнээ саана.

Малчин айл бүхэн тохилог дүнзэн байшинтай, өнгөрсөн жилийн авсан хадлан тэжээлийн хур өвс зуны эхэн сарыг үзэх бололтой. Хөдөө орон нутагт хамгийн тодорхой  хийсэн ажилтай, цаашид хийх ажил нь тодорхой хүмүүс бол малчид л байна. Сум, багийн дарга нар, дунд тушаалын ажилтнуудын хувьд ажиллаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, шийдээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг их шуурганы өмнөх тэнгэр шиг бүрхэг, бүүдгэр хүлээлтийн байдалтай байна.

Хатуухан хэлбэл, хоног өнгөрөөж байна ихэнх нь. Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ хоногоор өсөж, ноос, ноолуурын үнэ бууж амьдрал мэдэгдэхүйц дордож байгааг малчид, хөдөөгийнхөн ярьж байна. Жалга довоороо талцах, намчирхах, улс төржих явдал ч газар авчээ.

Бидний буцах замд юу, юугүй тугаллах шахсан гунжин үнээ шаварт шигджээ. Хээлээ даахаа байсан тэр амьтан босох, шавраас өөрийгөө татаж гарах ямар ч тэнхэл алга. Биндэр сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга н.Өнөболд, манай группын эрчүүд ноцолдсоор байж татаж гаргасанд малчид ихэд талархаж байсан. Малаа хайрлах монгол жудаг залууст маань байгаад ахмад хүний хувьд би ч баярлаж явлаа. Хавирга нэвт үлээсэн хаврын салхинд онгож гандахаа умартан ажилласан найруулагч Г.Ундрах, зураглаач Ю.Ширэндэв, жолооч н.Ганбаатар, Монголын радиогийн сурвалжлагч Ө.Цогт-Эрдэнэ нартаа баярлалаа.

2О16 он 4 сарын 25.  Биндэр сум

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Зүүн аймгуудын нутгаар зүсэр цагаан бороо ороосой  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй