
Энэтхэгийн Засгийн газар техник технологийн хөгжилд суурилан бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхээр болжээ. Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал эрс нэмэгдэж, тус улсад түгшүүрийн харанга дэлдээд байгаа. Иймээс Энэтхэгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн яамнаас сая гарсан шийдвэрийн дагуу 2017 оноос эхлэн Энэтхэгт худалдаалагдах бүх гар утсанд түгшүүрийн товчлуур суурилуулсан байх шаардлагатай болжээ.
Үүнээс гадна 2018 он гэхэд бүх утсыг “Жи-Пи-Эс” байршил тогтоох системтэй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр технологийн дэвшлийг ашиглан эмэгтэйчүүдийг хамгаалах, халдлагад өртсөн хохирогчид түргэн тусламж шуурхай хүргэх тал дээр томоохон ахиц гарна гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Энэтхэгт түргэн тусламжийн утасны нэгдсэн дугаар байдаггүй аж.
Энэ асуудлыг ч бас шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ. Албан дүн мэдээнээс үзэхэд 2014 онд Энэтхэгт эмэгтэйчүүдийн эсрэг 340 мянга орчим гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эдгээрт бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх, хулгайлж, зүй бусаар харьцах зэрэг гэмт хэргийн үзүүлэлтийг багтаасан байна. Бэлгийн хүчирхийлэл ийнхүү нэмэгдэж байгаа нь Энэтхэгт олон томоохон жагсаал зохион байгуулагдахад хүргэж, улмаар тус улсын хууль тогтоогчид хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын зүйл ангийг хүндрүүлсэн юм.
Гэсэн хэдий ч бэлгийн хүчирхийлэл буурахгүй байгааг харгалзан Энэтхэгийн эрх баригчид гар утас бүрт “түгшүүрийн” гэгдэх товчлууртай байх шинэ шаардлага гаргаж байна. Энэ шаардлагын ачаар эмэгтэйчүүд аюулд орсон үедээ ганцхан товчлуур дарж түргэн тусламж дуудах боломжтой болох аж.
Технологийн дэвшил ашиглан бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэнэ | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.