
Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн талаас илүү нь өдөр бүр нэгээс багагүй хуурамч буюу залилангийн шинжтэй мэйл хүлээн авдаг байна. Тодруулбал, өдөр бүр 100 гаруй сая спам мэйл илгээгддэг байна. Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр цахим шуудангийн залилангаас 500 сая ам.долларын хохирол учирч байна. Монгол Улсын хувьд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр цахим залилангийн улмаас дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудад хоёр тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2016.09.01-ний өдрөөс эхлэн үйлчлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 17.3 дугаар зүйлд цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж; нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /902,000 мянган төгрөгөөс 28 сая төгрөг/, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Цахим залиланг гэмт хэрэгт тооцох болсон нь дэвшилттэй болсон хэдий ч интернет хэрэглэгчид энэ төрлийн хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь чухал юм. Иймд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн санал болгодог цахим луйвар, залилангаас сэргийлэх, тийм хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах түгээмэл 10 аргыг танилцуулж байна.
1. Цахим шууданг хуурамч эсэхийг таних
Цахим шуудангийн залиланд дараах шинж бий. Үүнд:
- Жинхэнэ буюу бодит компанийн зургийг хуулбарласан байх
- Компанийн буюу тухайн компанийн жинхэнэ ажилтны нэрийг хуулсан, дуурайсан байх
- Энгийн нүдээр өнгөц харахад тухайн компани, этгээдийн жинхэнэ үйл ажиллагаатай төстэй вэб сайтыг оруулсан байх
- Бэлэг, урамшуулал амласан байх буюу тухайн байгаа дансыг алдагдсан, өөрчлөгдсөн тухай мэдэгдсэн байх.
2. Ирсэн цахим шуудангийн мэдээллийн эх үүсвэрийг шалгах
Таны харилцдаг банкны хувьд танаас нууц үг, хувийн мэдээллээ цахим шуудангаар илгээхийг хүсэх буюу тийнхүү илгээхийг зөвлөхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Ийм утга бүхий хүсэлт, цахим шууданд хариу өгч болохгүй бөгөөд танд сэжигтэй санагдсан бол утсаар шууд залгаж энэ тухай банкнаас тодруулга авах нь зүйтэй.
3. Цахим шуудангаар ирсэн банкны вэб сайтын холбоос дээр дарж болохгүй
Хуурамч вэб сайт руу таныг хөтөлж болзошгүй тул цахим шууданд хавсаргасан буюу холбосон холбоос дээр шууд дарж болохгүй. Банкны вэб сайтын холбоосыг өөрөө бичих, урьд хадгалсан холбоосоо ашиглах нь зүйтэй.
4. Компьютерынхоо аюулгүй байдлыг сайжруулах
Цахим шуудангийн залилан болон түүнтэй адилтгах төрлийн халдлагыг хааж чадах вирусны эсрэг сайн програмыг суулгаж компьютертоо хамгаалах, үйлдлийн систем, вэб хөтчөө тогтмол шинэчилж байх нь зүйтэй.
5. Зөвхөн аюулгүй вэб сайтад чухал мэдээлэл, өгөгдлийг оруулах
“Найдвартай” вэб сайтын хувьд домэйн нэр https:// гэж эхэлсэн байх бөгөөд ногоон өнгийн түгжсэн цоожны зурагтай байх ёстой.
6. Дансаа тогтмол шалгаж байх
Банкны дансаа тогтмол шалгах, үнийн дүн, гүйлгээнд хяналт тавих нь ямар нэг хэвийн бус, хуурамч төлбөр, шилжүүлгийг олж мэдэхэд тустай.
7. Цахим луйвар зөвхөн онлайн банкаар хязгаарлагдахгүй
Ихэнх цахим луйвар банкны эсрэг чиглэдэг ч, Фэйсбүүк, PayPal, eBay зэрэг түгээмэл хэрэглэдэг вэб сайтад ч гэсэн хувийн мэдээллийг хулгайлж байдгийг анхаарах нь зүйтэй.
8. Цахим луйврыг бүх хэлээр үйлддэг
Цахим луйвар бол хил хязгаар харгалзахгүйгээр ямар ч хэлээр танд хүрнэ. Ерөнхийдөө, таны мэдэх хэл дээр үйлдсэн цахим луйврын хувьд алдаатай бичигдсэн буюу орчуулагдсан байх бөгөөд ямар нэг үг, өгүүлбэр дутуу бичигдсэн байдаг. Яагаад өөр нэг улсын банкнаас танд монгол хэл дээр захиа ирэх ёстой байдаг билээ?
9. Эргэлзээ төрүүлэх зүйл бүрт болгоомжтой хандах
Цахим луйвраас урьдчилан сэргийлэх шилдэг арга бол таны нууц мэдээлэл, өгөгдлийг асуусан аливаа мэйл, мэдээллээс байнга татгалзах юм. Ийм мэйлийг устгах, мэйл дурдсан албан ёсны этгээд рүү шууд хандаж, тодруулж байх нь зүйтэй.
10. Хортой код, программын шинэ төрөл, хэлбэрийн талаар тогтмол уншиж, мэдээлэл авч байх
Сүүлийн үеийн хортой код, программ буюу халдлагын талаарх мэдээллийг тогтмол авч, шинэ төрлийн хортой кодын учруулах аюулаас хэрхэн сэргийлэх талаарх мэргэжилтнүүдийн бичсэн зөвлөмжийг уншиж, хэрэгжүүлж байх хэрэгтэй.
Цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ? | ||
Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.