
Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын тамирчин, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн бөх Э.Сумъяа сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар "Рио-2016" олимпид оролцох боломжгүй болсон. Энэ мэдээллийг өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос албан ёсоор зарласан юм.
Үүнтэй холбогдуулан дөнгөж сая ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан, БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Спорт, анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Баянмөнх, Ч.Насанбат нараас дараах асуултад хариулт авсан юм.
О.Баянмөнх: Бүх хариуцлагыг Э.Сумъяа өөрөө хүлээнэ
- Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чухам ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг хориотой бэлдмэл хэрэглэсэн л гээд байгаа болохоос яг ямар төрлийн эм хэрэглэсэн нь тодорхойгүй байна?
-Энэ байна л даа (бичгийг үзүүлэв). Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд "Маш нууц" гэсэн хаягтай албан бичиг ирсэн. Үүнд “Чөлөөт бөхийн тамирчин Э.Сумъяагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнийг олон нийтэд задлахгүй байхыг хүсч, асуудал шийдэгдтэл тэмцээнд оролцохыг нь түр түдгэлзүүллээ” гэсэн байна. Ингээд удаагүй байтал WADA-гаас гуравдугаар сарын 1-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд ДНБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн.
-Тэнд юу гэсэн байна вэ?
-“Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж байна. Тэмцээн уралдаанд оролцоход асуудалгүй” гэсэн утга бүхий албан бичиг ирсэн юм. Гэтэл өнгөрсөн шөнө Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газартай албан ёсоор түүнийг мельдониум хэмээх бэлдмэл хэрэглэсэн гэсэн бичиг ирээд байна. Хэрвээ ДБНХ-ноос нэг микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах талаар албан ёсны бичиг ирээгүй байсан бол бид олимпийн эрх олгох сүүлчийн хоёр тэмцээнд 53 кг-д өөр тамирчнаа оролцуулах бүрэн боломжтой байсан.
-Хүмүүс түүнийг энэ жилийн олимпид оролцох уу, үгүй юу гэдгийг мэдэхийг хүсч байгаа. Үүнд та тодорхой хариулт өгөөч?
-Ийм шийдвэр нэгэнт гарчихсан болохоор боломжгүй болчихлоо. Бидэнд маш хүнд асуудал боллоо. Харамсалтай байна.
-Түүний эрх Энэтхэгийн тамирчинд шилжинэ гэсэн үг үү?
-Тийм.
-Энэ асуудал маш нууцлалын зэрэгт байх ёстой. Үүнийг хэн задруулсныг та бүхэн таамаглаж байна уу?
-Олон л хүнийг хардаж байна. Яг түүнийг гээд хэлж чадахгүй нь.
-Эцсийн эцэст энэ хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Тамирчны нэр дээр бичиг ирсэн гэж би дээр хэлсэн дээ. Тэгэхээр Э.Сумьяа өөрөө хүлээнэ.
-Хэн нэгэн тамирчны шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис нэг микрограммаас доош илэрвэл тухайн улсын холбоо түүнд хариуцлага хүлээлгэдэг. Танай холбоо түүнд ямар хариуцлага оногдуулах вэ?
-Одоо би хэлж мэдэхгүй байна. Үүний дараа бид ярилцана.
-Өмнө нь манай улсын тамирчдад ийм асуудал үүсч байв уу?
-Үгүй байх аа.
-Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржтой та холбогдсон уу. Ямар байр суурьтай байна вэ?
-Байнга холбоотой байгаа. Ерөнхийлөгч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой дахиж холбогдоно гэсэн. Үүн дээр би нэмж хэлэхэд улс төрийн бодлого явагдаад байх шиг байна. Социалист орны тамирчдыг аль болох оруулахгүй байхыг хичээгээд байх шиг. Олимп өнгөрсний дараа медаль яригдах болохоор буурай орны тамирчин муутай орныг түлхүү оруулахыг хичээгээд байх шиг. Дээрх бэлдмэлийг хэрэглэсэн гээд зарлаад байгаа улсын тамирчдыг харахад ихэнх нь социалист орных байгаа биз дээ. Тэгээд ч энэ бэлдмэл чинь нэг их тамир тэнхээ оруулаад байдаг зүйл биш. Бие тайвшруулах л үйлчилгээтэй.
Ч.Насанбат: Муу нэртэйгээрээ эмч нар л бүх хариуцлагыг хүлээдэг биз дээ
-Эхлээд та энэ эмийн талаар тодорхой яриач. Яг ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?
-Мельдониум бол эмийн бодис. Үүнийг сэргээшийн жагсаалтад орсноос хойш бид шигшээ багийн алба, дасгалжуулагч нарт мэдээлэл өгсөн. Тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг зүйл болохоос биш хүч чадал оруулдаг эм биш.
-Энэ бодисыг хэзээнээс хориглосон юм бол?
-Өмнө нь их, бага хэмжээ заагаагүй байж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд албан ёсоор мэдээлсэн. Сонирхуулахад өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл 50 орны 172 тамирчнаас мельдониум илэрсэн. Манай тамирчин Астанагийн олимпийн эрх олгох тэмцээнд шинжилгээ өгөхдөө 0.7 микрограмм илэрсэн гэж гарсан байна. Энэ бодисыг зүрх болон тархины цусан хангамжийн дутагдал, биеийн хүчний болон оюун ухааны хэт ачаалал даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэдэг. Мөн тархины гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргэлтийг дэмжих зориулалттай.
-Энэ эм тийм их байдаг хэрэг үү?
-Манай улсын аль ч эмийн санд байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл захын эмийн сангаас л олно.
-Тамирчдын хяналт хэр хангагдсан байдаг вэ?
-Хэн ч хянаж чадахгүй ш дээ. Дурын эмийн сангаас ийм төрлийн бодисыг аваад уухыг хэн мэдэх юм.
-Одоо тэгээд энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Би яаж мэдэх вэ дээ. Гэхдээ ямар нэгэн зүйлийн хариуцлагыг муу нэртэйгээрээ эмч нар л хүлээдэг биз дээ. Хэн нэгэн осолд ороод өнгөрчихвөл эцсийн эцэст эмч нарыг эмчилж чадсангүй гээд буруутгадаг. Үүнтэй адил тамирчдын ямар нэгэн асуудлыг эмч л үүрдэг.
-Шинжилгээнийх нь хариунаас хэзээ, хаана хэрэглэсэн нь тогтоогдоно биз дээ. Монголд байхдаа хэрэглэж үү, гадаадад уу?
-Тэгж тогтоож болно. Гэхдээ хэлэхгүй. Би хүний өмнөөс ярихгүй ч албагүй. Энэ бол нууцлалын асуудал. Та мэдэхийг хүсч байгаа бол өөрөөс нь асуу.
О.Баянмөнх: Бүх хариуцлагыг Э.Сумъяа өөрөө хүлээнэ | ||
Үзсэн: 5849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.