
Та өөрийгөө кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах чадвартай байхаас гадна гэр бүлээ тийнхүү хамгаалж байх нь зүйтэй. Учир нь та өөрийн хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалах буюу зохистой хэрэглэж байж болох ч таны мэдээлэл танай гэр бүлийнхэнд байгаад, тэд түүнийг эрсдэлд оруулж болзошгүй юм.
Та өөрийгөө кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах чадвартай байхаас гадна гэр бүлээ тийнхүү хамгаалж байх нь зүйтэй. Учир нь та өөрийн хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалах буюу зохистой хэрэглэж байж болох ч таны мэдээлэл танай гэр бүлийнхэнд байгаад, тэд түүнийг эрсдэлд оруулж болзошгүй юм.
Кибер гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол кибер гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм. Ингээд судлаачдын зүгээс санал болгодог кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараах нийтлэг 10 аргыг танилцуулъя.
1. Компьютерын системээ шинэчилж байх
Кибер гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.
2. Системийн тохиргоогоо хамгаалах
Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.
3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах
Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг. Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон вэб сайтанд нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, вэб сайт бүртээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.
4. “Галт хана”-аа асаалттай байлгах
“Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг хакерууд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.
5. Вирусны эсрэг програм суулгах буюу түүнийгээ шинэчилж байх
Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлдаг.
6. Хувийн мэдээллээ хамгаалах
Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. Мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Аливаа төлбөр тооцоо, гүйлгээтэй холбоотой вэб сайтын өргөтгөл “s”-гүй бол түүнийг ашиглах татгалзах (жишээ нь https://www.ebank.mn/ болон http://www.ebank.mn/ хаяг нь ‘security’ буюу аюулгүй вэб сайтын илэрхийлэх ‘s’ үсгээр ялгарч байна). Түүнчлэн хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.
7. Вэб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших
Ихэнх вэб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн вэб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах болбол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.
8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах
Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авахад хэрэгтэй.
9. “Үнэгүй зүйл хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиоход эргэлзэж байх
Хэн ч Нигерийн нас барсан улс төрчөөс их хэмжээний мөнгө хүлээн авах, “мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн “хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.
10. Компьютероо унтраах
Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.
- Гэмт үйлдэл, хүчирхийллийн мөн чанар, онцлогийн тухай ойлголттой байх
- Өөрийгөө боловсруулах
- Бусдыгаа боловсруулах
- Манлайлах
- Алдаагаа залруулж байх
- Аюулгүй орчин бүрдүүлэх
- Мэдлэгээ хуваалцах.
Кибер гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ | ||
Үзсэн: 2978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.