
Та интернетээр уншсан болгондоо итгэдэг үү. Ер нь интернетэд итгэж болох зүйл бий юу. Бид ямар мэдээлэлд итгэх хэрэгтэй вэ. Өглөө босоод цайгаа уух, өдөрт 5 аяга ус уух гэдэг шиг интернет, олон нийтийн сүлжээ орж шинэ тутам мэдээллээр өөрсдийгөө цэнэглэх нь нэгэнт өдөр тутмын зуршил болсон энэ цагт авч буй мэдээлэлдээ шүүмжлэлтэй хандах нь улам л чухал болж байна. Ялангуяа шүүмжлэлт сэтгэлгээ нь хөгжиж амжаагүй хүүхэд, өсвөр насныханд тааралдсан мэдээлэлдээ итгэж, бусдын зориудаар бэлдсэн мэдээллээр итгэл үнэмшлээ тогтоох эрсдэл өндөр байдаг.
Digital literacy буюу цахим хэрэгсэлтэй ажиллах чадвар энэ эрин зууны эзэмших шаардлагатай чадваруудын нэг болоод байна. Энэхүү чадвар нь компьютер, таблет, ухаалаг утас гэх мэт цахим хэрэгслийг ашиглах техник чадвараас гадна хэрэгтэй мэдээллээ хайх, ашиглах, нэгтгэн дүгнэх, үнэлэх, бүтээх, харилцах зэрэг өргөн хүрээний чадваруудыг багтаасан ойлголт юм. Тэгвэл уг чадварыг хөгжүүлж болох уу. Мэдээж болно. Та дараах зүйлсийг анхаарч, зарчим болговол интернет орчинд ажиллах чадвараа нэмэгдүүлж, авч буй мэдээлэлдээ илүү бодит дүгнэлт хийж чаддаг болно.
Зохиогч-мэдээ, мэдээллийг уншихдаа тухайн материалыг нийтэлсэн эзэн, зохиолчийн нэр болон холбогдох хаяг, харъяалагдах байгууллагын нэрийг хараарай. Танил нэр мөн үү, зохиогчийн талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой эсэхийг шалгаарай.
Төөрөгдөл-төөрөгдүүлсэн веб хуудас нь мэдээлэл өгөхөөс илүүтэй ятган сэнхрүүлэх үг хэллэг түлхүү ашигласан байна. Энэ нь хэт ерөнхийлсөн, хялбаршуулсан, мөн тоглоом, урамшуулал, үнэгүй бэлэг гэх мэт амласан байна. Ийм тохиолдолд ивээн тэтгэж буй байгууллага тодорхой мэдэгдэж байна уу, ивээн тэтгэгчийн веб хуудасны холбоос байна уу, энэ хуудас мэдээлэл өгч буй мэтээр өнгөлөн далдалсан зар сурталчилгаа эсэхийг нягтлаарай.
- Ишлэл – зохиогч өгч буй мэдээлэлтэй холбоотой ишлэл тавьсан эсэх, тухайн ишлэлээр дамжиж нэмэлт мэдээлэл авч болох эсэхийг шалгана.
- Огноо – тухайн мэдээлэл нийтлэгдсэн он сар өдөр байгаа эсэх нь чухал. Мөн ишлэсэн мэдээлэл хэзээнийх, одоо хүчин төгөлдөр эсэхийг шалгаарай.
- Мэдээллийн олдоц – бүх мэдээлэл интернетэд байдаггүй бөгөөд интернетэд мэдээллийг цаг үетэй нийцүүлэн, шинэчлэн байршуулах нь үнэ өртөгтэй гэдгийг хүүхдэд ойлгуулаарай.
- Мэдлэг – интернетээс мэдээлэл хайхдаа тухайн сэдвээр өөрийн гэсэн суурь мэдлэгтэй байх хэрэгтэй ба ингэснээр олж авсан мэдээллээ харьцуулан дүгнэх болно.
- Ташаа мэдээлэл – интернетэд тавигдсан мэдээллийг хуудасны эзэн, зохиогч хэзээ ч өөрчилж болно гэдгийг сана. Мэдээлэлд хувь хүний үзэл бодол, сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгс тааралдвал гажуудсан мэдээлэл байх магадлалтай. Мөн зарим мэдээлэл ердөө хошигнол, зохиомол даажигнал ч байж болно.
- Веб хуудасны бүтэц – анх харахад ойлгомжтой, логик дараалалтай байх хэрэгтэй.
- Зохимжтой байдал – зарим мэдээллийг үл ойшоож сурах хэрэгтэй. Мэдээлэл хайхаасаа өмнө юу хайж байгаа зорилгоо тодорхойлж, тухайн зорилгод нийцэх мэдээллийг л үнэлж, ашиглаарай.
- Мэдээллийн хэмжээ – зарим веб хуудсууд мэдээллээ шинэчилж, жишээ баримт нэмж байдаг. Хэрэв ийм төрлийн веб хуудас таны хэрэгцээнд нийцэж байвал тогтмол шалгах, мейл хаягаар сануулга хүлээн авах тохиргоо хийж болно.
- Шаардлага тавих – веб хуудсанд нэвтрэхэд таны хувийн мэдээллийг авах, өөр төрлийн софтвейр, броузер ашиглахыг шаардах тохиолдол бий. Тухайн веб хуудас итгэж болох эсэхийг нягтлаарай.
- Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? – ямар ч мэдээлэлд эдгээр асуултаар үнэлгээ хийж болно. Мэдээллийг бичсэн хүн хэн бэ, тухайн салбарын мэргэжилтэн мөн үү? Уг мэдээллийг бичсэн зорилго юу вэ? Уг мэдээллийг хэзээ бичиж, шинэчилсэн бэ? Уг мэдээлэл хаанаас эх сурвалжаа авсан бэ? Яагаад энэ мэдээлэл хэрэгцээтэй гэж?
- Хайлтын систем – google, yahoo, bing гэх мэт хайлтын систем нь түлхүүр үгээр хайх боломжтой тул энэ давуу талыг ашиглаарай.
Ц.Цэрэндолгор
DIGCOMP: A Framework for Developing and Understanding Digital Competence in Europe
http://is.jrc.ec.europa.eu/pages/EAP/DIGCOMP.html
Kathy Schrock. The ABCs of Website evaluation December 1998/January 1999
http://www.schrockguide.net/uploads/3/9/2/2/392267/weval.pdf
Интернет орчинд ажиллах чадвараа сайжруулъя | ||
Үзсэн: 1359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.