Шууд Chart

“Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт болно

2016-05-18 12:17:49

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  “Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.  

Тус ойн хүрээнд дээрх чуулгын уран бүтээлчид өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ толилуулсан юм.

Энэ удаагийн тоглолтоор Ц.Сэвжид агсны дэглэсэн “Жалам хар”, “Саальчин”, “Адуучин” зэрэг алдартай бүтээлийг  ҮДБЭЧ, ДБЭТ, ЦДБЭЧ, “Түмэн-Эх” чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид тоглох аж. Мөн Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нар болон “Хар сарнай”, “Харанга”, “Чингис хаан”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” хамтлаг ая дуугаа өргөнө.

Ойн арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд  “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжгийг үзэгчдэд  толилуулна. 

Дашрамд сонирхуулахад, Ц.Сэвжид агсан 1959-1984 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжиг дэглээчээр ажиллах хугацаандаа дээрх бүтээлүүдээс гадна “Ээрүүлт”, “Хөдөө нутгийн залуус”, “Баруун Монгол биелгээ”, “Монгол ардын биелгээ” зэрэг бүжгийг дэглэснийг нь төр үнэлж, төрийн шагнал хүртээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт болно  
Үзсэн: 3352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй